Монгол Улсад аялах Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам Таныг хүлээн авч уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс цахим визийн систем нэвтрүүлж өнөөдрийн байдлаар 35 улсын иргэдэд цахимаар виз олгож байгаа талаар дурьдаад манай улсад зорчих БНСВУ-ын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлэх боломж бүрдэж байгааг дурьдсан юм.
Мөн тэрбээр “Вьетнам Улсад аж үйлдвэржилт хурдацтай хөгжихийн хэрээр коксжих нүүрсний болон эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох боломжийг судлан ажил хэрэг хэрэг саналтай байна” хэмээгээд манай улсаас экспортлох боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн, мөн тээвэрлэлтийн талаар хоёр улсын холбогдох яамд хооронд ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлыг одооноос эхлүүлэх санал дэвшүүллээ.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам Тан уулзалтын үеэр дээрх асуудлуудад Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд тус улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа хүрэн нүүрс худалдан авах нэн тэргүүний шаардлагатай байгаагаа онцолж, үүний тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ.
Мөн Монгол Улсаас Вьеатнам улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Тус улсын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдгийг Шадар сайд энэ үеэр илэрхийлээ.