ХЭН ЮУ ХЭЛЭВ: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулж, өмгөөлөгч үнэ төлбөргүй туслалцаа үзүүлнэ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, ХНХЯ-тай хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа: Хамтарсан багийн үндэсний V чуулган"-ыг өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар, Цагдаагийн байгууллагын холбогдох албан хаагч нар болон 735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Тус чуулганы үеэр Төрийн бодлогын түвшинд хэн юу хэлснийг хүргэж байна.
Х.Нямбаатар: 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим шийдвэрлэнэ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: ХЗДХЯ-нд Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг хэрхэн бусд хуулиудтай уялдуулах бэ, гэмт хэрэг зөрчлийн улмаас учирсан гэм хорыг хэрхэн арилгах чиглэлээр хууль эрх зүйн реформууд хамтдаа хийгдэж байна.
Хоёр долоо хоногийн өмнө Хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан. Энэ хуулиар төлбөрийн чадваргүй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх эрх зүйн орныг бүрдүүлж өгсөн.
Одоо УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт Шүүх шинжилгээний байгууллагын тухай хууль хэллэлцэгдэж байна. Энэ хуулиар анх удаагаа сэтгэл санааны хохирлыг үнэлж, барагдуулдаг үнэлгээний журмыг оруулж ирж байгаа. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид сэтгэл санааны хохирлыг барагдуулах, өмгөөлөгчийг үнэ төлбөргүй болгож өгөх эрх зүйн орчин бүрдэж байна.
Судалгаанд хоёр жил ажилласан. Харин энэ дата дээр ажиллаад ирэх жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй, өртөгдөж болзошгүй хүмүүст биечлэн сургалтад хамруулж, урьдчилан сэргийлэх чиг үүргээр маш тодорхой ажлуудыг хийнэ. 2022 оны 10 дугаар сард 257 мянган дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан. Үүнээс 31760 орчим нь 12.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаж байна. Энэ нь өмнө оны энэ үеэс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 1.3 хувиар буурсан эерэг үзүүлэлт байна.
Залуу гэр бүлүүдтэй харилцах хамтарсан багуудын харилцааг нэмэгдүүлэх замаар эерэг хандлагуудыг бий болгох чиглэлээр 2023 онд тэргүүлэх чиглэл болгож ажиллана.
2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим шийдэхээр болж байгааг хамтарсан багийнханд мэдэгдэж байна.
Т.Аюурсайхан: Төрийн албан хаагч Хамтарсан багийн гишүүнээр ажиллах нь албан тушаал дэвших, цалин, урамшуулал авах зэрэгт нөлөөлөхүйц ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт байх ёстой
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан: Цаашид бид чанартай, хүртээмжтэй, нийгмийн ажил үйлчилгээг хөгжүүлэх, нийгмийн ажилтны эрх зүйн орчныг баталгаажуулахад чиглэсэн мэргэжлийн үйлчилгээний зохицуулалтыг бий болгох, нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх, нийгмийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, нийгмийн ажлын бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна. Төрийн албан хаагч Хамтарсан багийн гишүүнээр ажиллах нь албан тушаал дэвших, буурах, зэрэг дэв нэмэгдэх, цалин, урамшуулал авах зэрэгт нөлөөлөхүйц ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт байх ёстой.
Л.Нямгэрэл: Хамтарсан багт орж ажиллаж байгаа сэтгэлзүйч, цагдаагийн алба хаагч, өрхийн эмч нарт урамшуулал олгоно
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл: Гэр бүлийн тэмцэх тухай хуульд Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүргийг тодорхой тусгасан байна. 21 аймаг , 9 дүүргийн хамтарсан багийн үйл ажиллагаанд үйл ажиллагаанд хяналт тавих, төлөвлөгөө болон тайлан хариуцаж байна.
Хамтарсан багт цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, төрийн бус байгууллагын төлөөлөл, сум хорооны засаг даргаар ахлуулсан бүтцээр ажилладаг. Гэхдээ хамтарсан баг нь орон тооны биш , үндсэн ажлын хажуугаар хийдэг. Тиймээс өнөөдрийн үндэсний чуулганаар үндсэн чиг үүргийн хажуугаар хавсран үүрэг гүйцэтгэж байгаа хамтарсан багийн үйл ажиллагааны санхүүжилтийг хаанаас хэн өгөх вэ, хамтарсан багт орж ажиллаж байгаа сэтгэлзүйч, цагдаагийн алба хаагч, өрхийн эмч нарт урамшууллыг шийдэх зэрэг асуудлаа өнөөдөр хэлэлцэж байна. Тодорхой шийдэлд хүрнэ.