“Монголынхоо түүх, соёл, археологийн дурсгалд ингэж хандаж болохгүй Ч.Номин сайд аа “
Бүгд Найрамдах Турк Улсын буцалтгүй тусламжаар баригдахаар Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг өчигдөр тавьсан нь олны шүүмжлэлийг дагуулж байна.
Тодруулбал, улс бүр түүх, соёлын өвөө чухалчлах болсон энэ үед соёл, өв, түүхээ хамгаалах ёстой Соёлын сайд Ч.Номингийн энэ үйлдэл, Монгол улсын Үндсэн хууль, Соёлын өвийн тухай хуулиа ноцтой зөрчсөн хэрэг болно гэж шүүмжилж буй.
Шав тавих ёслолд, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атэш нарын төлөөлөгчид оролцсон харагдав.
Хэлэлцээрийн дагуу дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58 кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн аж. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс, музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллаж байна.
Туркийн талаас нийт 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.