Д.Амарбаясгалан “ам”-аа ажил болгох уу?!
Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Энэ төсөв цаг сайхан үеийнх шиг зарцуулалт байхгүй. Харин төсвийн хэмнэлт ихээр яригдаж байна. Тэгэхээр байгаагаа хяналттай зарцуулна гэсэн үг. Ерөнхийдөө ирэх онд монголчууд “төсвийн хүрээнд бүсээ чангалж” өнжих юм байна. Ингэхээс ч аргагүй бололтой. Ковид, дайнаас улбаатай дэлхийн эдийн засгийн уналттай холбоотойгоор ийм төсөв “зохиосон” бололтой. Үнэхээр ч дэлхийн нөхцөл сайнгүй байна. Ам.долларын ханшийн галзуурлыг ганцхан манайх биш арлын Япон хүртэл амсав. Тэнд ганц ам.доллар 154 иентэй тэнцжээ.
Ийм учраас Засгийн газар яагаад ийм юм “зохиохдоо” тулсаныг эрхэм гишүүд нь ойлговол зохилтой аж. Гэхдээ гишүүдийн олонх нь ойлгож байгаа харагдана. Харин өмнө ажиллаж байсан салбартаа дүрсэн хуруу гараа татаж чаддаггүй, төсвөөр дамжуулж олон тэрбум төгрөг оруулаад түүнээсээ зооглож суудаг зарим нэг гишүүн бухимдалтай байна. “...Сангийн мөнгө хаачив” гээд л уурлаж нэхээд, хэвлэлээр ч яриад сүйд болов. Мэргэжлийн нэр хүндээрээ гишүүн болсон, залгуулаад төсөл нэрээр төсвөөс туугаад сурчихсан тэр мэт гишүүдийг давруулсаар ирсэн нь л манай төсөв яаж хийгддэг байсны том нотолгоо юм л даа.
Ер нь бол зарим гишүүний зоогийг бэлддэг төсөл, сангуудын мөнгө байтугай тойрогтоо нэхсэн хөрөнгө оруулалтуудыг ч ирэх оны төсөвт суулгаагүй юм байна. Гэхдээ “...Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг ямар ч улстөржилт, эсэргүүцлийг үл тоож хэрэгжүүлнэ” гэдгээ Ерөнхий сайд хэлэв. Учир нь энэ төсвийн гол агуулга нь шинээр, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтыг хойш тавьж, чухал бүтээн байгуулалтуудыг хийх юм байна. Гэвч манай улсад ялангуяа дэд бүтцийн бүтээн байгуулалтууд маш чухал байгаад байдаг. Төр хөнжлийнхөө хэрээр төсөвтөө суулгаад явж байх шиг байгаа юм. Тэгвэл үүнийг өөрөөр шийдэх гарц гаргалгаа олдсон бололтой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн “...Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Тэдэнтэй өрсөлдөхгүй”, “...Иргэн, аж ахуйн нэгждээ саад болдоггүй төр, улс орныг бий болгоно” гэсэн нь ажил болж мэдэхээр болсон байна. Засаг, төр энэ талаар яриад эхэлсэн талаар томоохон бизнэсмэнүүд яриад эхэлжээ. Тодруулбал, төр томоохон бизнесмэнүүддээ чухал шаардлагатай дэд бүтцийн төслүүдээ концесс ч юм уу, ямар нэг хэлбэрээр даатгачихна. Тэд бусдыг нь хийчихнэ. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн логикоор хийх нь гэсэн яриа хөөрөө бизнесийнхэн дунд нэвт явж байна.
Ер нь бол Монголд авто замын бодлого, төмөр замын бодлого гэж бий. Гэхдээ түүнд төр хэтэрхий орчихсон. Төргүйгээр нэг см зам ч явахгүйгээр хийчихсэн. Бас тэр нь зохион байгуулалтгүй бол яадгийг Дарханы замаас тод харлаа. Мөн ч их хохирлыг монголчууд тэндээс амссан даа. Авто замаас гадна төмөр замын асуудал бас нэн чухал юм. Ерөнхийдөө замууд баригдаж чадвал тээвэр ложистикийн хүндрэлээс гарна. Үүсээд байгаа эдийн засгийн механик хүндрэлүүд шууд арилна.
Тиймээс авто зам, төмөр замуудаа хувийн хэвшилдээ даатгавал Монгол хожно. Мэдээж, тэдэнд өөрсдийн эрх ашиг бий. Томоохон орд эзэмшигчид төмөр замаа, тээвэрлэгчид авто замаа төвөггүй барьчихна. Ер нь тэгээд томоохон бизнесмэнүүдэд компаниудад гаднын хөрөнгө оруулалт татах “асуудал” биш л дээ. Яг үнэндээ гаднын хөрөнгө оруулагчдын хувьд төрөөсөө илүү нэр хүндтэй, итгэл даасан бизнесмэн манайд олон бий. Ганцхан жишээ сөхөхөд, хоёр жилийн өмнө Монгол Улс бондын хүүгээ төлж чадахгүйдээ тулж байхад нэг бизнесмэн Сингапураас мөнгө босгож өрнөөс гаргаж байсан түүх бий. Иймэрхүү л чадалтай бизнесмэнүүд шүү дээ. Тэдний зарим нь аль хэдийнэ төмөр зам, авто зам, өөр том том бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зураг төслөө хийчихсэн, консорциум болж оролцох гаднын компанитайгаа гэрээ хэлцэл хийчихсэн, хөрөнгө оруулалтаа татахад бэлдчихжээ. Гэсэн ч нөгөөх л төр маань гацаа үүсгэчихээд байдаг аж. Монгол Улс төмөр замын зүүн, баруун, босоо гээд хэд хэдэн чиглэлийн бүтээн байгуулалт хийнэ. “...Хэн хийх вэ” гэнгүүт нөгөө л нууц санхүүжилтээр төмөр зам барьсан туршлагатай банкны эзний нэр дуулддаг аж. Энэ мэт төрийн тендерийг баруун солгойгүй авагчид үе үед яаж ийгээд л төрөөд байдаг бололтой юм. Дээрээс нь төрийн нэрээр бизнесмэнүүдийг шантаажилж суудаг нөхдүүд байна.
Тухайлбал, төмөр замын тендерийг хариуцсан Монголын төмөр зам гэдэг төрийн компани дээр том даргын нэр барьж удирдах албан тушаалд суусан улаан авлигачин нөхөр бий. “...Тендерт оролцъё” гээд ТЭЗҮ-гээ бариад очсон хувийн хэвшлийнхнийг эрэг боолт шиг чангалж суудаг байгаа юм. Бас Өмнөговиос машинаар нүүрс зөөж Чойрт авчраад, буцааж вагоноор урагш нь гаргадаг нэг том улстөрчтэй холбогддог гадаад нэртэй компани бий. Тэр компанийн жолооч нар байсгээд л “...Халтар огцор, Халтар огцор” гээд Зам тээврийн яамны үүдэнд зогсож байдаг даа. Яагаад гэхээр нүүрсээ шороон замаар тээвэрлээд байгаа нь болохгүй байна гээд яам нь зогсоочихдог. Ингээд байхаар нь мань компани тэр хэл амыг дарах гээд авто зам барих ТЭЗҮ хийж, хамтрагчаа олоод, санхүүжилтээ оруулаад иржээ. Жил дамнаж байгаа юм байна. Харамсалтай нь, зөвшөөрөл өгдөггүй гэнэ. Ингээд яриад байвал түмэн жишээ байна.
Төр хувийн хэвшил хоёр нь хамтраад хөгждөг зарим улсын талаар Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалж, сургуулийнхаа Эдийн засгийн судлаачдын багт зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай Канадын Саймон Прайзерийн их сургуулийн зөвлөх профессор Эрик Веркер хэдэн жилийн өмнө Монголд ирэхдээ ярьж өгч байв. Тэгэхдээ “...Дубай, Хятад, Аргентин, Пакистан зэрэг улсууд хувийн хэвшил, үндэсний биенесмэнүүдээ дэмжсэнээр улс орных нь хөгжилд шууд нөлөөлж, эдийн засгийн эерэг хандлагууд үүссэн” гэсэн байдаг. Угтаа, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “ам” ажил хэрэг болох юм бол бизнесмэнүүдэд эдийн засгийн эрх чөлөө нь болох юм. Улс ч төсвөө ноололгүй хөгжинө. Монголын үндэсний бизнесмэнүүд ингэж үзэж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин