ТӨСӨВ 2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг ДУУСГАНА
Сангийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд дараах бодлого, зарчим, эрэмбийг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулжээ.
Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д танилцууллаа. Учир нь дэлхий нийтэд инфляцийн түвшин өндөр, ханшийн эрсдэлтэй байгаа энэ цаг үед шинэ бүтээн байгуулалт руу орох нь өмнө нь хийж байсан төсөвт өртгөөс хэд дахин их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардана гэдгийг тэрбээр онцолж байв.
2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэгээтэй тал байгаа юм.
Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.
Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг болох аж.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны
- 51.9 хувь нь хөдөө орон нутагт,
- 30.1 хувь нь нийслэлд,
- 18 хувь нь улсын хэмжээнийх байгаа юм.
Хөрөнгө оруулалтын
- 34.3 хувь нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт,
- 49.3 хувь нь авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт,
- 14.1 хувь нь төрийн захиргаа, 2.3 хувь нь аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт хэрэгжихээр байгаа аж.