“Жоомоо алах“ гэж байгаад “гэрээ шатаав“ гэгч болох вий Л.Энх-Амгалан сайд аа
Боловсрол, шинжлэх ухааны эрхэм сайд аа. Юуны өмнө багш нарын баярын мэнд хүргэе. Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн чиглэлээр хийж байгаа зоримог алхам, ажлыг чинь дэмжиж байна. Хуурамч диплом илрүүлсэн ажлыг чинь харлуулж, буруутгах гэсэнгүй ээ.
Харин боловсролын байгууллага шинэчлэгдэн өөрчлөгдөх гээд байна уу гэж эргэлзэхэд хүрлээ. Учир нь боловсролын байгууллага одоо ч гэсэн ажиллах хүчээр дутмаг байгаа. Хуурамч дипломтнуудыг илрүүлж багш нарт хариуцлага тооцож байгаа нь сайн хэрэг. Харин үүнээс улбаалан хоосорсон орон зай, хүний хөөцийн хомсдолыг хэрхэн нөхөх вэ. Тэднийг орлох, тэртэй,тэргүй дутагдалтай буй ажиллах хүчээ нөхөх, багш нараа чадавхжуулах бодлого, төлөвлөгөө танд байна уу. Жоомоо алах гээд гэрээ шатаав гэгч болох вий дээ. Багш бэлтгэдэг сургуулиуд төгссөн хүмүүсээр хүний нөөцөө хангаж нөхнө гэж тооцоолсон бол бодох зүйл их бий. Учир нь цар тахлын хоёр жилд аль ч сургууль танхимын сургалт явуулаагүй. Үүнээс шалтгаалан багшлах дадлагын ажил огт хийгээгүй. Мэргэжлийн, мэдлэгийн хоцрогдолтой ийм ,оюутан багш, сургалт удирдах нь тийм ч амар зүйл биш. Ялангуяа сурлагын хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллах нь тун амаргүйг салбарын сайд эрх биш бодолцож үзэлцэх асуудал.
Эрхэм сайд та боловсролын салбарыг хөгжүүлж, хүүхдүүдэд чанартай боловсрол олгохыг зорьж байгаа бол энэ мэт тулгамдсан асуудлыг хамгийн түрүүнд шийдэх учиртай. Гэтэл гол асуудлыг шийдэхийн оронд багш нараар оролдож, нийгэмд нэр хүндийг нь унагаж байна.
Хэдхэн хүний асуудлаас болж нийт багшийн нэр хүнд маш их унасан. Үнэндээ бол багш хүн харанхуйг халсан гэрэл, ганг тайлсан хурын үүл байдаг. Түмний хүүхдийн билгийн мэлмийг нээж, үсэг зааж, үг холбуулахаас эхлээд амьдралынх нь анхны алхмыг удирдаж, хүн болгон төлөвшүүлэх гэж зүтгэдэг, хайр нь дотроо хал нь гаднаахүмүүс. Багш хүн чанараа зулгааж, өрөөлийн төлөө өөрөө буруутгагдаж, хариуцлага гэсэн хүндхэн ачааг үүрч явдаг. Тиймээс тэднийхээ нэр хүндийн булингартуулах хэрэггүй. Тэнгэрлэг сайхан үйлстэй байж л оюуны гэгээрэлд хүрнэ. Алдааг чинь хэлсэн болгон дайсан байдаггүй.
Эх сурвалж: Өнөөдөр сонин