Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  

Хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.

Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдсантай холбоотойгоор Усны үндэсний хороог татан буулгав.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ажиллах болсон тул Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр байгуулж Олимпизмийг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.
 
Хоёрдугаарт, хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, чиг үүрэг нь бусад зөвлөл, хорооны чиг үүрэгтэй давхцаж байгаа, байнгын бус үйл ажиллагаатай зарим зөвлөл, хороог татан буулгалаа. Дээрх хүрээнд нийт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын эрхлэх асуудалд үлдээлээ.
 
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийт 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлахаар боллоо. Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан, Ерөнхий сайд тэргүүлэхээр хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн тэргүүлэхээр болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэсний хороо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, Усны үндэсний зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Хүүхдийн үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллах юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640715
0 эможи

keyboard_arrow_up