С.Энхболд ЭХЭМҮТ-д яамны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын болон их засварын ажилтай танилцлаа
2022 оны 09 дүгээр сарын 21-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллаж Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламж, их засваруудтай танилцлаа.
ЭХЭМҮТ нь 1987 онд баригдсан бөгөөд түүнээс хойш их засвар хийгдээгүй өдийг хүрсэн. Энэ онд тус төвийн төрөх тасгийг олон улсын жишигт хүргэх зорилгоор барилгын их засварын ажлыг эхлүүлсэн.
Засварын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа ба энэ оны 10-р сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй гэдгээ гүйцэтгэгч байгууллага хэллээ.
Мөн тус төвд Хавдын эрт илрүүлгийн төв, 150 хүүхдийн багтаамжтай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.
2021 онд Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт болон их засварын хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төвд ажиллах үедээ шийдэж байсан.
Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, 2021 онд эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт болох 35 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн.
Тус хөрөнгө оруулалтаар улс орон даяар төрөх ор, эх хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг бүрэн шинэчилж, монголд эмчлэгдэх боломжгүй байсан хүүхдийн гурван өвчний оношилж, эмчилж чаддаг болсны зэрэгцээ, эхо, рентген, мэс заслын багаж, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангасан. Үүний дараа сайд Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинетуудаар явж иргэд үйлчлүүлэгчийн нөхцөл байдалтай таницлаж, эмч эмнэлгийн ажилчдын санал бодлыг сонсов.