Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээд Токиог зорино

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо. Лондон хотноо болж буй  Цог жавхлант хатан хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.  Ерөнхий сайдын хувьд  Монгол Улсын нэрийн өмнөөс хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, Ланкастерийн харшид нээсэн дэвтэрт гарын үсэг зуржээ. Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи улс нь хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн түүхтэй.

Тухайлбал, Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөний дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болсон юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа жил буюу 1991 онд Лондон хотноо болсон "Их долоо"-гийн уулзалтын үеэр Их Британи Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахыг бусад оронд уриалсан байдаг. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг хатан хаан өөрийн биеэр хүлээн авч байсан нь том хүндлэл байсан юм. Иймд гуравдагч хөршийн бодлогыг манай улсын хувьд хатан хаангүй төсөөлөх боломжгүй хэмээн судлаачид дүгнэж байна. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ Англиас ирээд Япон явж, Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгад оролцох товтой байгаа билээ. Ерөнхий сайд Фүмио Кишида есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын Ниппон Будокан ордонд ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэ нь Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг тодотгосон үйл явдлууд билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонд ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцохын зэрэгцээ монгол иргэдтэй уулзжээ. Энэ үеэр Ерөнхий сайд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэд бүтэц зэрэг чиглэлээр ярилцжээ. 

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640553
3 эможи

Зочин
2022-09-20 19:28
Энэ нэг пиарчин нөхөр хэмнэлтийн хууль гэж жүжиг тавьчихаад
keyboard_arrow_up