Ц.Ням-Очир: Гадаадын хөрөнгө оруулалттай ХЭ, иргэнтэй холбоотой 104 хэргийг шийдвэрлэж, 88.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэрэг маргааныг шийдвэрлэдэг процессыг түргэн шуурхай болгоно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бага үнийн дүнтэйг нь хурдан шийддэг болно. Энэ тогтолцоо руу шилжинэ. Энэ оны төгсөлд хийх тогтолцооны өөрчлөлт бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулна. Гаднын хөрөнгө оруулагчдад эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ойлгуулах төслийг боловсруулаад өргөн барьж байна. Хууль, тогтоомжийнхоо хэрэгжилт тал дээр илүү анхаарах шаардлагатай байна.
Гаднын хөрөнгө оруулагчдад чиглэсэн өөрчлөлт бол виз олголтыг хялбаршуулж, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан явдал юм. Одоо нэг асуудал тулгарч байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана. Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ" гэв.
"Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэнтэй холбоотой 104 хэргийг шийдвэрлэж, 88.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн"
Энэ үеэр Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд үүссэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаарх танилцуулгыг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир хийлээ. Тэрбээр " Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж шийдвэрлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс зохион байгуулан үр дүнг тооцон ажиллаж байна.
Монгол Улс нь Эрүүгийн болон Иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээг 19 улстай байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг залилсан, мөнгө угаасан, хохирол ихтэй залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Монгол улсын 2, гадаад улсын 2 иргэнийг ЦЕГ-аас Интерполд мэдэгдэн олон улсад эрэн сурвалжилж байна.
Цагдаагийн байгууллагад 2022 оны эхний 8 сарын байдлаар гадаад улсын 77 иргэн хохирсон талаараа гомдол, мэдээлэл гаргасан байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагын холбогдох нэгжүүд хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Үүнээс 12 хэргийг шүүхэд шилжүүлж, мөн хэрэг бүртгэлийн 30 хэргийг хааж, 6 хэргийг нэгтгэж нийт 48 хэргийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 29 хэрэг шалгагдаж байна.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2022 оны эхний 8 сард
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт БНХАУ-ын 1,
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт ОХУ-ын 1,
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт БНХАУ-ын-9, АНУ-1,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт БНХАУ-ын-1,
- Хүчиндэх гэмт хэрэгт БНВУ-ын 1,
- Залилах гэмт хэрэгт ОХУ-ын 1,
- Мал хулгайлах гэмт хэрэгт ОХУ-ын 1,
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт ОХУ-ын 1, БНХАУ-ын 3, нийт гадаадын 20 иргэн холбогдон шалгагдсан байна. Дээрх хэргээс 5 хэргийг шүүхэд шилжүүлж, хэрэг бүртгэлтийн 9 хэрэг хааж, 1 хэргийг нэгтгэн, 15 хэргийг шийдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар 5 хэрэг шалгагдаж байна.
Ажлын хэсгээс гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэнтэй холбоотой хэргийн шийдвэрлэлтийг цагдаагийн байгууллагын хэмжээнд сүүлийн 3 жил 8 сарын байдлаар судлан үзэхэд Эрүүгийн 111 хэрэгт 111 гадаадын иргэн холбогдон шалгагдсанаас 104 буюу 93.6 хувийг, 318 хэрэгт 318 иргэн хохирсноос 286 буюу 89.9 хувийг тус тус шийдвэрлэж, нийт 88.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн ажилласан байна." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
|