Г.Ёндон сайд “Роснефть” компанид давуу байдал олгох уу?
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхийн өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал орж ирж, гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2.т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг.
Гэтэл энэ заалтад өөрчлөлт оруулж гадаадын төрийн өмчит үйлдвэрт хэт давуу байдал олгох хуулийн төсөл орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Хуулийн заалтыг оруулж ирсэн автор нь УУХҮ-ийн сайд Г. Ёндон.
Тэрбээр хуулийн танилцуулгадаа “ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авна. Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна.
Энэ бол “Роснефьт” компанийн охин компани. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө” гэдгийг хэлж байсан. Г.Ёндон сайдын оруулж ирсэн хуулийн төслийг парламент дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг нь төр, засгаас үйлдвэржилтээ дэмжиж, аль болох гадны хараат байдлаас гарах оролдлого, идэвх санаачлагуудыг гаргасаар байгаа. Гэтэл гадны нэг компаниас онгоцны түлшээ хямд авахын тулд хуульдаа өөрчлөлт оруулдаг улс манайхаас өөр байдаг болов уу. Г.Ёндон сайд аа.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин