Маргааш : “Хүнсний хангамж, аюулгүй байдал-ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи, иноваци” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөнийг ХХААХҮЯ, ЕТГ-аас хамтран маргааш буюу 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ХХААХҮЯ-аас шинжлэх ухаан, технологийн салбартай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд улсын хэмжээнд хүнсний хувьсгал хийхэд салбарт нэвтэрч буй инноваци, технологи, олон улсад ашиглагдаж буй шинжлэх ухааны ололт, амжилтуудыг эх орондоо нутагшуулах, нэвтрүүлэхэд хамтын оролцоогоо нэмэгдүүлэхээр ийнхүү чуулж байгаа аж.
Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг болох юм.
Зөвлөгөөнд :
- Төрийн болон төрийн бус байгууллагууд
- Шинжлэх ухааны байгууллагууд
- Боловсролын байгууллагууд
- Хувийн хэвшлийн байгууллагууд
- Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд
- Орон нутгийн үйлдвэрлэгчид оролцоно.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы нэрэмжит Грантын шагнал гардуулах бөгөөд доорх хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.