Шадар сайд С.Амарсайхан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар УИХ-ын “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах” тогтоолын хүрээнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байна.
Гишүүд өнгөрсөн Бямба гаргаас Багануур дүүргээс иргэдтэй уулзах уулзалтаа эхлүүлсэн билээ. Үүний хүрээнд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, 1,3,4,5,6,7 дугаар хорооны иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн уулзалтад 6 хорооны 400 орчим иргэн оролцлоо. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлийг
- Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх
- Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх
- Нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах
- Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх эсэх гэсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд 11 сэдвээр мэдээлэл өгч, санал авсан юм.
Иргэдийн хувьд УИХ-ын гишүүд өөрсдөө иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь авч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.