Наадмын нээлт, хаалтыг хэт нүсэр биш, минимал зохион байгуулна
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Цар тахлын улмаас хоёр жил дараалан Улсын баяр наадмыг тэмдэглээгүй. Энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна.
Улсын баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулах Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр есөн үйл ажиллагаа зохион байгуулна. Бэлтгэл хангаж байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна.
Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол гол түүхэн үйл явдлуудыг харуулна.
Мөн үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчлан таниулах чиглэлээр бэлдэж байна" хэмээв.
Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдана. Хурдан морьдын салбар хороо, сур, шагайн харвааны салбар хороодын бэлтгэл хэвийн байна.
Хэв журмын салбар хорооны бэлтгэл ажил 80 хувьд хүрчээ. Баяр наадмаар иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчилнэ.
Харин Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна.
Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. 12-ны 24.00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөж буйгаараа онцлогтой.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан салбар хороодын дарга нарыг уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэлээ хугацаанд нь хангах үүрэг өгсөн юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулж эхэлжээ. Гаднах тохижилт, ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэх ажлууд хийж байна. Жилийн жилд шүүмжлэл дагуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах, хуучин бие засах газрыг буулгаж, шинээр, стандартын дагуу барих юм.
Мөн ашиглагдахаа больсон жижиг байгууламжуудыг буулгаж, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжийг зохион байгуулалттай байрлуулна.
Үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай хөрөнгийг нэмж олгох үүргийг Шадар сайд С.Амарсайхан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Д.Ганболд, бусад холбогдох албаныханд үүрэг болгожээ.