Жүжигчин Г.Амгаланбаатар гүтгэв үү, Ч.Номин сайд гүрийв үү?
Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр төлөвлөөд байгаа бөгөөд улсын наадмыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Н.Наранбаатар найруулахаар болсон. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн ч төсвөөс ямар ч мөнгө орж ирээгүй байгаа талаар уран бүтээлчид шүүмжлээд эхэлсэн талаад бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар “Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жил төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа” гэж шүүмжлээд байсан.
Гэтэл өчигдөр /2022.06.15/ Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Баяр наадмыг зохион байгуулах комиссын ажлын хэсгийн хурал өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөхдөө "Энэ жилийн баяр наадмын онцлог нь төрийн хүндэтгэлийн тоглолтыг ард түмэнд илүү ойртуулах үүднээс Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Баяр наадмыг зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг өгөөгүй байгаа талаарх мэдээллийг нэгэн уран бүтээлч гаргасан. Ямарваа нэгэн уран бүтээлд оролцоогүй уран бүтээлчид дур мэдэн ийм мэдээлэл гаргасан. Уран бүтээлч, продюсерүүд төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу гэрээ байгуулж төсөв, хөрөнгөө аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийг шилжүүлээд байна. Энэ жил 2.3 тэрбумаар наадмыг тэмдэглэнэ. Соёлын яамнаас уг төсвийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.