С.Энхболд: Тархины саажилт, таталттай хүүхдийн ёзоорын мэдрэлийг таслах мэс заслыг эх орондоо хийнэ

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна.  Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  "Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэр гаргалаа.  Ялангуяа тархины саажилттай, уналт таталт өгдөг хүмүүс болон хүүхдүүд уудаг эмийг хөнгөлөх юм. Энэ сарын 29-нд Швейцар улсаас энэ төрлийн зарим эмийг оруулж ирэхээр болсон.

Эхний ээлжинд мэдрэлийн ёзоор тайрах эмчилгээг улсдаа хийдэг болно. Энэтхэг, Турк улсуудтай холбогдож байна. Ингэхдээ эхлээд гаднын баг авч ирж өөрийн багийг сургана. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн төрлийн хагалгаа хийдэг. Шаардлагатай хагалгааг хийвэл саажилтын зэргээс шалтгаалж зарим хүүхэд алхаж гишгэх боломж бүрддэг. Тийм учраас мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг өөрийн улсдаа хийх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах төвд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон" гэлээ.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэлд 26 асуудлыг судлан, шуурхай шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан бөгөөд гол заалтуудыг дор дурдсан байна. 

  • Тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм хангамжийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай эм, бэлдмэлийн нэр төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангах; Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай эмчилгээ, хагалгаанд орох хүүхдийн асуудлыг 2022 оны 9 дүгээр сард багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх;
  • Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо, судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Нийгмийн халамжийн тэтгэврийг 288000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж, 2023 оны төсөвт тусган шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг СЭМҮТ-ийн дэргэд байгуулах асуудлыг судалж, санхүүжилтийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх;
  • Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган, хэрэгжилтийг хангах;
  • Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, протез, ортопедийн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн судалгааг хийж, дутагдалтай байгаа мэргэжилтнийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тухайн мэргэжлээр суралцахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлж ажиллах, холбогдох мэргэжлийн индексийг батлах;
  • Тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, эд хогшил, дотуур байрны тавилга, зөөлөн эдлэлийг бүхэлд нь шинэчлэх асуудлыг судлан, шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулахад шаардлагатай арга хэмжээ авах;
  • Аймаг, дүүрэг бүрд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, сэргээн засах, асаргааны цогц үйлчилгээний хөгжлийн төвийг байгуулж, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх байдлаар байрны түрээсийн дэмжлэг үзүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт, төвийн эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцон санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Бага орлоготой, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

2021 оны мэдээгээр улсын хэмжээнд нийт 11835 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 11.2 хувийг эзэлж байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй, 76 хувь нь төрөлхийн, 24 хувь нь олдмол бэрхшээлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637964
1 эможи

Өлзий
2022-08-15 11:37
Мэдрэлийн ёзоор таслах сөрөг нөлөөтэй юу?
Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэн
2022-06-16 21:15
Халамжийн мөнгөөр арай ядан амьдарч байгаа Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэддээ орон сууцтай болоход нь Төрөөс тусгайлан арга хэмжээ, тогтоомж гаргаж өгвөл маш том буян болох байхдаа. Хөгжлийн бэрхшээлтэй ч амьд явах эрхтэй л гэж бид боддог юм шүү. Төр Засаг минь ганц удаа ийм иргэдийгээ орхилгүй анхаарч үзнэ гэдэгт маш их итгэж найддаг шүү.
С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up