З.МЭНДСАЙХАН: Мах, махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг батлуулснаар чанарыг нэг түвшинд ахиулж байна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газраас гаргасан багц шийдвэрийн хүрээнд мах махан бүтээгдэхүүний худалдааны текникийн зохицуулалтыг баталсан. Уг зохицуулалт нь малын гарал үүсэл, эрүүл ахуй асуудлаас эхлээд худалдаанд гарах хүртэл нэгдсэн системийг гаргаж өгч байгаа юм. Ингэснээр чанарын асуудлыг нэг түвшинд ахиулж байна гэж үзэж байна. Цаашид нийтийн болон сургууль, цэцэрлэгийн хоол гээд бүх хоол, хүнсэнд гарал үүсэлтэй, эрүүл ахуйн баталгаатай байх тогтолцоог бүрдүүлж өгөх юм. ХХААХҮЯ-аас энэ ондоо дээрх техник, зохицуулалтын бэлтгэл ажлыг хангаж, ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч улсын хэмжээнд нэвтрүүлнэ.
Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна.
Сүүлийн 5 жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байна.
Малын 90 хувийг нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрч хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
Мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг баталснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
БНХАУ руу экспортонд дулааны аргаар мах боловсруулан гаргадаг 15 аж ахуйн нэгж байна. Үүний 11 нь гадны хөрөнгө оруулалттай, 4 нь дотоодынх байна. Дулааны аргаар боловсруулсан махыг зөвхөн экспортонд гаргадаг, дотоодын хүсний хэрэгцээнд хэрэглэдэггүй. Цаашид экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдийг дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг үйлдвэрүүдтэй давхцаж байрлах шаардлагагүй. Үүнийг үе шаттай зааглаж өгөх шаардлагатай. Зааглаж өгөөгүйн улмаас иргэдийн дунд эргэлзээ их үүсэж байна. Энэ тал дээр хотын даргатай хамтран шийднэ.
Монгол Улсад хөрөнгө оруулалтын хуулийн дагуу хэн ч үйл ажиллагаа явуулж болно. Гагцхүү манай улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой.
Монгол Улсын хувьд шүлхий өвчнийг бүрэн хяналтандаа авч, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Вакцинжуулалтын ажлыг улсын хэмжээнд 04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 04-ний хооронд бүрэн хийж дуусгасан.
Махны задгай худалдааг цэгцлэхийн тулд засгийн газраас хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан. Махны асуудал дээр бүх шат дамжлагын аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл ахуй, ажлын байранд тавигдах шаардлага, тоног төхөөрөмжийн шаардлагыг нэгдсэн байдлаар гаргаж ирсэн. Махны гарал үүсэл, мөшгих системийн дэд бүтэцүүд хангагдсан. 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлнэ.
ХХААХҮЯ-аас налайх, эмээлтийн мах нядалгааны үйлдвэрүүд болон Улаанбаатар хот руу нэвтрэхэд хяналт тавих ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан нийслэлийн мал эмнэлгийн газрын зарим ажилтнуудад хариуцлага тооцно. Мөн экспортонд гарч байгаа мал, махны лабораторын шинжилгээ өгч байгаа болон магадлан өгч байгаа мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох болно." гэв.