ЗГ: Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зогсоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар махтай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын гишүүд танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Тавдугаар сарын 31-нд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь явж шалгах үзэх ААН-үүдийн удирдлагуудтай уулзалдах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал сонсох, иргэдийн дунд үүсээд буй санаа зовоосон асуудлын талаар судлах, цаашид цогцоор энэ асуудлыг шийдэх асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг танилцуулъя.
Цаашид мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх процессыг ил тод, нээлттэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай гэж үзсэн.
- Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гйнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
- Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна.
- Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ. Энэ нь монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй бүх махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдалд шилжүүлнэ. Хүнсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулж стандартыг хуульчлах ажил хийгдэнэ.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх замаар нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалт хангасан ажлыг зохион байгуулна. Уг ажлыг НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, ХХААХҮЯ хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгөгдсөн.