Л.Нямсүрэн: Нөөцийн мах бэлдэж байгаа үндэсний үйлдвэрүүд бид эрүүл, аюулгүй махыг нийслэлчүүддээ хүргэж байна. Үүнд эргэлзэхгүй байж болно
Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах болон дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллав.
Тэрбээр "Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын багийг ахалж буй юм.
"Агро нэгтгэл трейд" ХХК-ийн захирал Л.Нямсүрэн "Манай компани 2019 оноос хойш нөөцийн махыг бэлтгэж байна. Иран улсад экспортлох 100 тонн махыг бэлдэж, нийлүүлсэн. Өнгөрсөн жил нийт 350 тонн нөөцийн мах бэлдэж,нийлүүлсэн. 2022 онд 2000 тонн нөөцийн махыг нийслэлийн хэрэглэгчдэд зориулж бэлдэн, ажил явц 70 хувьтай байна. Та бүхэн ороод танилцаад үзээрэй. Манай нөөцийн мах яг чанар стандартын дагуу бэлтгэгдсэн. Манайх Миний супермаркет, Макс дэлгүүр зэрэг 100 гаруй дэлгүүрүүдэд өгч байгаа.
Дулааны аргаар боловсруулан экспортод гаргаж байгаа махыг дотоод үйлдвэрүүд бууз баншиндаа, мөн хиаманд хэрэглэх боломжгүй. Нөөцийн мах бэлдэж байгаа үндэсний үйлдвэрүүд бид эрүүл, аюулгүй махыг нийслэлчүүддээ хүргэж байна. Үүнд эргэлзэхгүй байж болно." гэв.