С.Амарcайхан: Шаардлага хангаагүй үйлдвэрүүдийг ажиллуулахгүй. Үүнд мэргэжлийн хяналтынхан хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл
Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах "Дун Фан Интернейшнл трейд” компани болон дулааны аргаар мах боловсруулдаг "Цан сэн тиан ий” үйлдвэрийн ажилтай танилцав.
Тэрбээр "Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын багийг ахалж буй юм.
“Дун Фан Интернейшнл трейд” компани нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй удаагийн зөрчил гаргаж байжээ. Компани өөрийн үйлдвэрийн хөргүүртээ хаяг шошгогүй, дулааны аргаар боловсруулсан 320 тонн, түүхийгээр нь хөлдөөсөн 500 тонн адууны мах хадгалж байсныг энэ оны 5 дугаар сарын 27-ны шалгалтаар тогтоосон тул үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Мөн 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Цан сэн тиан ий” компани нь дулааны аргаар мах боловсруулж, БНХАУ руу экспортолдог бөгөөд хяналт шалгалтаар 10 гаруй удаагийн зөрчил илэрч, нэг гаргасан зөрчлөө удаа дараа давтсан байна.
Одоо үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд мөн дээрх үйлдвэрийн адил хаяг шошгогүй 1100 тонн мах хадгалж байсан нь илэрсэн тул мэргэжлийн хяналтын байгууллагаас агуулахыг нь битүүмжилж, дээжийг шинжилгээнд өгчээ.
Шадар сайд С.Амарсайхан удаа дараа зөрчил гаргаж, шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдэд хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл. Стандарт хангаагүй аж ахуйн нэгжийг ажилуулахгүй гэдгийг Мэргэжлийн хяналтынханд хатуу санууллаа.