Уг нь С.Энхболдын зөв!

2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт нэг шуугиан дэгдэв. Уг нь шуугиад, гайхаад байхаар явдал биш л дээ. Нийгмийн бодлогын байнгын хороогоор ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл/-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байсан юм. Тэр үеэр ЭМДЕГ-ын ажилтнууд “Капитал” банкнаас хураан авсан орон сууцнаас авсан гэх асуудал хөндөгдлөө. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “...“Капитал” банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан.

Энэ дагуу Үндэсний зөвлөлөөс тогтоол гарсан. Тогтоолд

“...ЭМДЕГ нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно”

гэж заасан. Ажилтнууд зүгээр аваагүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдсан” гэж тайлбарласан. Тэднийхнээс арав гаруй нь тэр орон сууцыг зээлээр авсан бололтой юм. Энэ талаар нь тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гурван сайдын нэг болох Эрүүл мэндийн сайд С.Энхболд бас тайлбар өгч байна лээ. Тэрбээр “...Ийм тогтоол байгаа.Гэхдээ энэ байгууллага, тэр газрынхныг заавал хамруул гэсэн бол тусгайлж заагаагүй. Хамгийн гол нь өрийг барагдуулах агуулгатай тогтоол” гэв. Энэ зөвлөлийн дарга Д.Дэмбэрэл ч дээрх агуулгатай тайлбар хийсэн.

Ингэж яригдахтай зэрэг зарим гишүүн оволзож өгсөн. “...Яахаараа тэгдэг юм бэ” гээд л... Барьж идэх янзтай. За тэгээд, залгаад энэ гурван хүн гурвуулаа л нийгмийн сүлжээгээр хэмх нүдүүлж байгаа юм.

Яг үнэндээ бол Л.Бямбасүрэнд хууль тогтоомж зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Харин ч ажилтнууддаа боломж олгосон сайн дарга гэхэд болно. ЭМДЕГ-ын ажилтнууд бусдын адил төрийн алба хаагч, тэдэнд ч орон сууцанд орох эрх бий. Тэгээд ч ЭМДЕГ-ын ажилтнуудтай холбоотой энэ явдал бол ил гардаггүй болохоос бүх л яам, тамгын газарт байж л байдаг. Одоо ч бий. Гэхдээ эндээс нэг том асуудал ургаж байгаа юм.

Хэдэн гишүүн дайраад ороод ирэхтэй зэрэг С.Энхболд сайд бараг л буугаад өгчихөж байгаа маягтай. Л.Бямбасүрэн нь “ширлэж” суугаад ард нь гарч байгаа юм. Гэтэл С.Энхболдын хувьд энэ Засгийн газрын маш сайн ажилласан сайд нарын нэг байдаг. Ялангуяа ковидын ид үед томилогдоод, тэрнээс хойш өнөөдөр монголчууд масктай маскгүй алхах болсонтой энэ хүн яалт ч үгүй холбоотой. Ер нь бол мэргэжлийн, сайн сайд. Магадгүй, орон сууцны боломж бололцоо гарвал “...Хамгийн түрүүнд эмч, сувилагчиддаа өгнө” гэх хүн. Учир нь өөрөө эмч, энэ салбарын л бүтээгдэхүүн.

Энэ агуулгаараа, уг нь С.Энхболдын зөв байгаад байгаа юм.

Гэвч тэрбээр өрвөлзөхгүй, хэрүүл уруул хийхгүй суусан нь цаанаа учиртай. “Давхар дээл”-ийн сураг гарснаас хойш гишүүд түүнийг амраахаа больсон. Ядаж байхад Эрүүл мэндийн сайд болох дуртай гишүүн яасан ч олон байдаг юм бэ. Бүгд л том жижиг хуралд хуй дээр амбийцаа илэрхийлээд байлгахгүй. Ингээд удаж байна. Тэр ч байтугай яамны ажлыг, сайдын үүргийг өөртөө наачихсан хаа сайгүй гүйж яваа гишүүн ч байна.

Ингээд байгаа нь бас шалтгаантай.

Ер нь бол Засгийн газрын “дан дээл”-тэй сайд нар ингээд асуудал нь УИХ руу орохоор дээрэлхүүлээд байдаг талтай. Ядаж байхад зарим “дан дээл”-тэй сайд салбараа нураасан шахам хэл амнаас салдаггүй. Зам тээвэр, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эрчим хүч, Батлан хамгаалах гээд явж өгнө. Байнга л шүүмжлүүлдэг. Энэ нь гишүүдийн дээрх хандлагыг бий болгосон тал бий.

Харин эсрэгээрээ Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн давхар дээлтэй дөрвөн сайдын салбарын асуудал хэвийн яваад байдаг. Тэр дотроо Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар гээд засгийн ажлын голыг нугалдаг сайд нар байна.

Энэ хоёрыг зарим талаас нь харахаар салбар бүр рүү ороод байгаа харагдах ч  гардаж авсантайгаа зууралдсаар ард нь гараад байгаа харагддаг. Боловсролын Л.Энх-Амгаланг хар. Амжилтаар гавихгүй ч ажил нь амжаад л байна.

Тэгэхээр энэ бүхэн юу хэлээд байна гээч? Шулуухан хэлэхэд, манай нөхцөлд “давхар дээл” бол гарцаагүй шаардлага юм байна гэдгийг харуулж байна. Тэр утгаараа, гарц гаргалгаа нь тов тодорхой гэсэн үг. Тэгээд ч “...Үндсэн хуулийг “үндэс”-ээр нь өөрчлөх хэрэгтэй” гэсэн улс төрийн хүчнүүд, улстөрчид, судлаачдын дуу хоолой их гарч байна. 30 гаруй жил үйлчилсэн шилжилтийн үеийн Үндсэн хууль маань өнөөдөр “зогсоол”-доо хүрчээ. Ингэсэн нь олон шалтгаантайг бид бүгдээрээ л уншиж, сонсож байна. Чухамдаа Үндсэн хуулийг хөдөлгөх нэн тэргүүний шалтгаануудын нэг нь энэхүү “давхар дээл”-ийн асуудал болоод байгаа юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637080
1 эможи

Дуугүй хүниы доотох нойтон
2022-05-18 12:21
Энболд ЭМДГ дарга буруутай. Яах гэж өөрсддөө ашигтай журмыг гаргаж түүнийгээ үндэслэл болгосон юм бэ?! Даатгуулагчийн мөнгийг түрээсэлж болохгүы
С.Энхболд
ЭМДЕГ
Л.Бямбасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up