Шадар сайд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан иргэдийн ХҮҮГ БУУРУУЛАХ боломж байгааг ЗГ-т танилцуулж байна
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу МИК-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн.
Тэгвэл уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.
Мөн Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон. Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байна.