С.Энхболд: Одоогоор улсын хэмжээнд 18,000 орчим хүн үзлэгт хамрагдаж, иргэдийн дунд ходоодны үрэвсэл оношлогдож байна
Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэж ажиллав.
Энэ үеэр тэрбээр “Өнөөдөр ирсэн зарим санал гомдлыг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэж ажиллаа. Энэ үеэр хоёр хүн эмч нарын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлыг хөндсөн. Энэ жил Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласан. Үүний хүрээнд тодорхой ажлууд хийгдэх төлөвлөгөөнүүд гарсан бөгөөд тус төлөвлөгөөнд эмнэлгийн байгууллагын ажилтны ёс зүй, харьцаа, хандлагыг асуудал тусгагдсан байгаа юм. Тиймээс эмнэлгүүдэд энэ чиглэлийн ажил давхар явагдаж байгаа.
Түүнээс гадна Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн.
Одоогоор улсын хэмжээнд 18,000 орчим хүн үзлэгт хамрагдсан бөгөөд хамрагдсан иргэдийн дунд ходоодны үрэвсэл оношлогдож байна. Мөн бага насны гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь эрт илрүүлгийн үеэр оношлогдсон бөгөөд цааш нарийн шинжилгээ хийсний дараа л онош нь баталгаажна.
Зөвхөн эхний байдлаар тархины хавдар гэж сэжиглэж байгаа болохоос ямар нэг эцсийн онош баталгаажаагүйг анхаарах хэрэгтэй" гэв.