Шадар сайдын эхлүүлсэн ажил биеллээ олж, ШӨХТГ-аас банк зээлээс 1%-ийн шимтгэл авдгийг шалгахаар боллоо
Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан.
Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэгтэй уулзах үеэр "МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Цаашид энэ асуудал болон банкнууд зээл авсны шимтгэл болгож нэг хувийн шимтгэл авдаг асуудлыг ШӨХТГ-аас шалгаж, тогтоох болно" гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл энэ хүрээнд ШӨХТГ-аас банкнууд зээлээс нэг хувийн шимтгэл авдгийг шалгахаар болжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Манай ШӨХТГ энэ асуудлаар өмнө удаа дараа асуудал хөндөн гаргаж байсан. 2011 онд хяналт шалгалт хийж нэр бүхий 10 банканд шийтгэл оногдуулсан ч давж заалдах шатны шүүхэд цуцлагдаж байсан. 2014 онд мөн тийм шийдвэр гаргасан. Банкнуудын 1 хувийн зээлийг хууль зөрчиж байж болзошгүй хэмээн үзэж хяналт шалгалтын ажил хийхээр төлөвлөж байна. Шалгасны дараа асуудлууд тодорхой болно.
Банкнаас зээл аваагүй хүн ховор. Гэтэл бүх зээл дээр нэг хувийн ижил шимтгэл оногдуулж байгаа нь хуульч зөрчсөн үйлдэл байх магадлалтай гэж хардаг. Гэвч нэг хувийн шимтгэл нь зээл олгох үйл ажиллагаатай холбоотой банкнаас гарсан тодорхой хэмжээний зардал бөгөөд үүнийг зээлдэгч нараас авдаг гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ асуудлаар дахин шалгалтын ажиллагаа явуулна. Байгууллага дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Монголбанкнаас гаргасан журамд нэгээс дээшгүй хувийг зээлийн үйл ажиллагааны зардалд тооцоолно гэж заасан. Нэг хувийн хэмжээний зардал гардаг уу үгүй юу. Байрны м.кв-аас шалтгаалаад ямар нэг байдлаар зээлийн үйл ажиллагааны зардал өөрчлөгдөнө гэж байхгүй.
Үгсэн хуйвалдаагүй бол зарим арилжааны банк нэг хувь гэхгүйгээр 0.5, 0.8 хувийн шимтгэл авах боломжтой байсан гэж үзэж байгаа. Та бүхэнд эргээд хариу мэдээлэл өгөх болно" гэв.
Мөн ШӨХТГ-т өмгөөлөгч О.Батхүү банкнууд зээл авсны шимтгэл болгож нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус болох талаар гомдол ч хүргүүлээд буй.