МИК дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэв
Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэгтэй уулзаж байна. Тус уулзалтад МИК болон арилжааны банкуудын удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх хариуг нь өгөх үүрэгтэй. Гэтэл ипотекийн санхүүжилтийн тогтолцоог унагаах гэж байна гэсэн арьсаа хамгаалсан буруу зөрүү мэдээлэл, ойлголтыг өгч эхэлсэн. Тухайлбал 6.2 их наяадын 5.6 их наяадыг гаргасан Засгийн газартай хамтарч ажиллахаас татгалзаж байна гэсэн буруу зөрүү ойлголтыг өгсөн. Манай Засгийн газар зохион байгуулалт тогтолцоог сайжруулахын төлөө ажиллана. Энэ системийг үгүйсгэж байгаа асуудал байхгүй. Энэ тогтолцоог нураах зорилго хэнд ч байхгүй. МИК-ийг анх банкууд нийлж байгуулж байсан гэж ойлгосон. Гэтэл нэгдмэл сонирхолтой этгээд 80 гаруй хувийг эзэмшдэг болсон байна. Ижил тэнцүү оролцоотой байсан банкнууд явцын дунд арчигдсан, хамгийн бага хувийг эзэмшиж буй нөхцөл байдал илэрсэн. Энэ бол ноцтой асуудал. Тогтолцоо яагаад ийм болж хувирав. МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан.
Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна.
Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн." гэв.
2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон байдаг.
Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг, зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг Шадар сайд энэ үеэр хэлэв.
Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар нэг их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ.
Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний дөнгөж сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2,000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна.
Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгов.