ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн дагуу Урьдчилан сэргийлэх үзлэг НАЛАЙХ дүүрэгт ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ "Эрүүл дадал хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн"-ийг төлөвшүүлэн Эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ хэмээн зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ард иргэдээ жилдээ нэг удаа үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ээс эхлэн орон даяар эхлүүллээ.
Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үндэсний хөтөлбөр өнөөдрөөс орон даяар эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Ковидын дараах хүн амын эрүүл мэндийн асуудалд улс орнууд анхаарал хандуулах болсон энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Уг арга хэмжээ өнөөдөр орон даяар эхэллээ. Монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсрол мэдлэг дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүйн улмаас аливаа өвчин оройтож оношлогддог, эмчилгээний үр дүн сайн гарахгүй, улмаар амиа алдах тохиолдол элбэг байна. Тухайлбал, ЭМЯ-аас гаргасан 2020 оны судалгаагаар Монгол Улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, мөн эрэгтэйчүүдийн эрсдэл эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байгаа нь тогтоогдсон.
Түүнчлэн Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн иргэд дараагийн шатны нөхөн сэргээх эмчилгээ, иж бүрэн оношилгоог хийлгээгүйгээс олон эрсдэл дагуулах хор уршигтай гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна.
Тиймээс иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй Нэг жилийн хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрт 0-17 насныхан 6, 18-аас дээш насныхан 19 төрлийн шинжилгээнд хамрагдах боломжтой" гэлээ.
Уг нээлтийн үйл ажиллагааны үеэр Шадар сайд иргэдийг уг хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ сахин хамгаалахыг уриалсан юм.