Сайд нарын “CV” дээр нэмэгдсэн САЙН, МУУ ДҮНГҮҮД
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаад жил гурван сар боллоо. Энэ Засгийн газрын үйл ажиллагааны дор монголчууд бид амьдарчих гээд тийчилж л байна. Мэдээж хэрэг, ковид, Орос-Украины зөрчил, эдгээр гадаад хүчин зүйлээс хамааралтай улбаатай хямрал нүүрлэсэн. Амаргүй л дуулдана. Цаашид улам хүндрэх “цаг агаарын мэдээ” бий. Тэгэхээр ирэх хямралыг эсэн мэнд туулахын тулд Монгол Улс өөртөө тохирсон тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Юутай ч, төсөв тодотгох шийдлийг Засгийн газар гаргаж, тэрийг нь УИХ хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ Хөгжлийн банкны хэрэг өндрөө авч, энэ хэрэгт эрхэм гишүүд шалгагдаад эхэллээ. Араас нь Тавантолгойн нүүрснээс ашиг олдог, төмөр замыг саатуулсан зэрэг бүлэглэлүүдийн хэрэг “хөдлөөд” эхэллээ. Бас л улстөрчид, УИХ-ын гишүүд хэд хэдээрээ холбогдож байгаа бололтой. Тиймээс эдгээрийг дэлгэсэн Засгийн газрын эсрэг зарим гишүүд, улстөрчид, улс төрийн хүчин хүртэл нэгдээд сөрөг арга хэмжээ авч мэдэх л юм. “...Л.Оюун-Эрдэнэ ойчвол энэ бүхэн зогсоно” гэж тэд үзнэ. Харин Засгийн газар энэ ажиллагааны эсрэг зогсож чадах уу. Сайд нараас нь шалтгаална.
Тэд бэлэн үү. Уг нь анх энэ сайд нар “...Мэргэжлийн” гэсэн тодотголтойгоор засагт орж байв. Гэвч өнөөдөр энэ “дан дээл”-тэй сайд нар хүлээн зөвшөөрөгдөх тал дээр гавьсангүй.“...Ядахад яр” гэдэгчлэн салбарынхаа галыг ч атгадаггүй сайд цөөнгүй байна. Гишүүд ч энэ талаар хэлээд эхэлсэн байна. Б.Энхбаяр “...Энэ Засгийн газарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт гал барьж байгаа сайд ховор байна” гэж өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурал дээр дуугарна лээ. Ер нь гишүүд байтугай, “гудамж”-д яваа улстөрчид ч ингэж яриад байх болсон. Тэгвэл олон нийт сайд нарыг хэрхэн дүгнэдэг вэ. Олон таван үггүйгээр, Төрийн ордон, намуудын байр, гудамж, цахим сүлжээнд тэднийг “хэн” гэдгийг тав, таван өгүүлбэрээр тоймлон дамжуулъя. Сайд нарын “CV” иймэрхүү сайн, муу дүнгүүдээр арвижжээ.
“ГАЛТАЙ НЬ ШАДАРЛАСАН” С.АМАРСАЙХАН
Шадар сайд С.Амарсайханыг Ерөнхий сайдтай “гал барьдаг” хоёр, гуравхан сайдын нэг гэдэг. Тэрбээр Шадар сайдын хувьд Улсын онцгой комиссын даргаар ажиллаж, өнгөрсөн жилийн хугацаанд мөн ч их гөвүүлсэн дээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс ковидыг ялсан дэлхийн хоёрхон улсын нэг гэгдээд гадаадын хэвлэлүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр яригдаж байна.
С.Амарсайхан бас Хөтөлийн цементний үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмнэлэг зэргийг төрд буцааж авах ажлыг гардаж хийсэн. Одоо Оросоос наашилж, манайхаар дамжаад Хятад руу явах хийн хоолойн ажил дээр Монголын ажлын хэсгийг ахалж буй юм.
“ЦАМЦНЫ ТАЙЛАН”-ГИЙН ӨРТЭЙ Ц.НЯМДОРЖ
Ерөнхий сайд “...Ц.Нямдоржийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-өөс эхлээд эрүүдэн шүүсэн асуудлуудад цэг тавих ёстой гэж засагт урьсан” гэж УИХ-д тайлбарлаад ХЭГ-ынхаа даргаар томилж байв. Одоогоор энэ хоёр хэрэг нь нэг тийш болоогүй байна. Харин Ц.Нямдорж сайд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авчирсан хүнийг хоригдсон өдөр /2022.4.21/ хэвлэлийнхэнд “...Өнгөрсөн хугацаанд зам чөлөөлөх, сүлжээг нь таслах ажил хийлээ, цамц маань нэлээд урагдсан” гэж ярьсан. Тэрбээр 2016 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа “...Би “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ” хэмээсэн байдаг. Гэхдээ тэрбээр “цамцны тайлан”-гаа хэзээ тавих нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
ШҮЛХИЙТЭЙ Л “ОЙЛГОЛЦДОГГҮЙ” З.МЭНДСАЙХАН
Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан ачааллаас хуваалцаж буй нөхөр, “...Юм хийлээ” гэж онгирохгүй, “...Хийхгүй байна гэж шүүмжлүүллээ” гээд гудийхгүй, таг чиг л сууж байдаг. Гэтэл энэ сайдын гарт монгол хүний үндсэн хүнс болох мах, гурил хоёр маань байж байдаг. Гэхдээ сайд болсноос нь хойш малын гоц халдварт шүлхий өвчин тарсаар Монголыг барж дуусгасан. Тэгж шүлхийг алдсан нь Мал эмнэлгийн газрынхантай холбоотой байсан нь тогтоогдсон байгаа юм. Гэхдээ мань сайд өөрөө биечлэн оролцсоноор саяхнаас вакцины хангалт хийж, түүнийгээ тарьсаар шүлхийг хумьж авч байгаа сурагтай.
“КОВИДЫН САЙД” С.ЭНХБОЛД
С.Энхболд эмнэлгийн даргаас олон олон амбийц дээгүүр гишгэлээд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд дэвшсэн болохоор тэр хэрээр “ гөвүүлэх”-ийн зовлон үзсэн. Гэхдээ С.Энхболд баргийн хүний хүсэхээргүй хүнд үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан л даа.
Тэр утгаараа Ерөнхий сайдтайгаа “гал” атгалцсан цөөхөн сайдын нэг мөнөөс мөн. Ковидын өдрүүдийн ямар хүндийг ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнууд маш сайн мэднэ. Ямартай ч Монгол Улс ковидын одоо илэрсэн вируст тархалтыг намдаагаад, тэрийг гаднын хэвлэл мэдээллээр яриад эхэлсэн байна.
“БҮХ ЮМ”-НЫ САЙД Х.НЯМБААТАР
Энэ Засгийн газарт Х.Нямбаатаргүй явдаг ажил ховор. “...Гадаа гарч эр, гэрт орж эм” гэдэг шиг мань эр ч Засгийн газар даалгасан бол том жижиг, хүний өөрийн гэлтгүй бүх ажилд ханцуй шамлаад л дайрчихдаг хүн аж. Оюу толгойн хэлэлцээ, талбай дээрх жагсаал, Хөгжлийн банкны хэрэг, боомтын бүтээн байгуулалт, цахим гав хүртэл ярина. Ямар сайндаа л өдөр болгон хэвлэлийн хурал хийж, олон түмэнд “...Бүх юмны хохирогч” хэмээн цоллуулсан эмэгтэйчүүд шиг Х.Нямбаатарыг “...Бүх юмны сайд” гэх болжээ. Ер нь түүнийг Ерөнхий сайдтайгаа хамт “гал барьдаг” ганц хоёрхон сайдын нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй болсон байдаг шүү.
ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ Ч ХӨНГӨДӨЖ МЭДЭХ Б.БАТ-ЭРДЭНЭ
Агентлагийн даргаас сайд болтол үсэрсэн Б.Бат-Эрдэнэ PR сайтай нэгэн. Байгаль орчны сайд болонгуутаа хөдөөгүүр явж, тусгай хамгаалалттай болон уул уурхайтай газар орнуудаар явсан. Ирээд хэд хэдэн шийдвэр гаргасан.
Бүгдийг нь бүгдээрээ мэдсэн. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ төрийн тамгатай шийдвэрийг цахим сүлжээнд байнга тавьдаг, төрийн шийдвэр цуцлуулахад төрийн бус байгууллагатай “жир бус”-аар холбогддог байх магадлалтай гээд алсдаа алдаа болж мэдэх “хөдөлгөөн” хийдэг гэсэн шүүмжлэл гарч эхлээд байна.
БАРИЛГА НЬ ТАГ, ӨӨРӨӨ ЧИМЭЭГҮЙ Б.МӨНХБААТАР
Барилгын сайдын ажил уг нь товчхон. Засгийн газрынхаа өмнө Б.Мөнхбаатарын хүлээсэн үүрэг бол Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад өгч, “Залуус” хотхон барих ёстой. Гэвч энэ бүтээн байгуулалтууд таг. Бас ипотекийн зээл зогсож, барилгын материалын үнэ хөөсөрсөн таагүй мэдээ тасрахгүй л байна. Харин мань сайд өөрөө чимээ аниргүй.
АРМИ, УЛС ТӨР ХОЁРЫН ДУНДАХ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР
Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах үүргийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэрэгжүүлэх ёстой. Гэвч Г.Сайханбаяр армиа гэх үү, сайд болоход дэм болсон “улс төр”-өө бодох уу гээд ацан шалаанд явдаг нэгэн. Түүнийг улс төрийн намын үйл ажиллагаа таслахгүй оролцдог гэж шүүмжилдэг. Түүнээс ч илүүтэйгээр цэргийн амь нас эрсдэх нь Г.Сайханбаярын муухай зовлон. Энэ асуудлууд тамлахгүй бол цэргүүдээр төмөр зам бариулж, тэрбум мод тарихад оролцуулсан шиг амиа аргалж, довоо шарлуулаад дажгүй яваад байх сайд байгаа юм.
БОЛОВСРОЛЫН САЙДЫН АЖЛЫГ БОЛОМЖ БОЛГОСОН Л.ЭНХ-АМГАЛАН
Энэ Л.Энх-Амгалан сэргэлэн. Угийн бизнес сэтгэлгээтэй, дээрээс нь улстөрчийн ухаан нэмчихсэн. “...Суусан газраасаа шороо атгана” гэдэгчлэн Боловсролын сайдын хийдэг жирийн ажлыг анхдагч шиг амилуулдаг хүн. Шинээр сэтгэж шалихгүй ч УИХ-ын гишүүний зангаргийг сайдын албатай нийлүүлээд өөрийгөө сайхан “шидчихдэг” гэдэг. Ерөнхийдөө засагтаа гай болохгүй ч нэмэр тус ховортой л яваад байгаа улстөрч дөө.
АЛДААНДАА ТОМООЖСОН Б.БАТЦЭЦЭГ
Ковидын үеэр вакцин тасарна, Б.Батцэцэгтэй холбоно. Хил хаагдана, бас л Б.Батцэцэг муу байна гэнэ. Б.Батцэцэг дэд сайд байхдаа “...Орос Хятадын дунд бид аюулгүй байгаагаа мэдэрдэг” гэж уянгалаад балбуулсан. Харин одоо Орос-Украины зөрчилд Засгийн газрын “нэг цонхны бодлого”-ыг дамжуулаад томоотой нь аргагүй суудаг болсон. Хамгийн сүүлд Оросоос эхлэлтэй дуулианд “...Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био болох эрх зүйн үндэслэл, энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй” гэж товчхон тайлбар өгснийг дипломатууд “...Браво” хэмээн үнэлсэн байна билээ.
ДАРХАНЫ ЗАМТАЙ ҮЙЛИЙН ҮРЭЭР УЧИРСАН Л.ХАЛТАР
Зам тээврийн сайд Л.Халтарын хариуцсан салбарт бүтэж байгаа ажил бараг байхгүй. Төмөр зам нь бараг “0” зогссон. Нүүрс тээврийн жолооч нар өдөр болгон түүнийг эсэргүүцэж жагсана. Бас тэгээд нисэхийн салбар “газардчихаад” удлаа. Тэр дундаа Л.Халтарын үйлийг үзэж буй Дарханы зам гэж бүтдэггүй бүтээн байгуулалт алсдаа Л.Халтарт ч, засагт ч, эрх баригч намд ч лай болж мэдэх юм.
ХЯМРАЛД БУРУУТДАГГҮЙ Б.ЖАВХЛАН
Эдийн засгийн хямралын эсрэг Засгийн газар хэмнэлтийн хуулиуд өргөн барьж, тэр нь батлагдаж байх шиг байна. Гэхдээ олон нийт хямралын буруутнаар Ерөнхий сайд, зарим сайд, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнуудыг шууд цохон нэрлэж буй. Харин Монгол төрийн сан хөмрөгийн түлхүүрийг атгаж, гааль, татварын байгууллагыг эрхшээж буй гол хүн Б.Жавхлан “...Хаданд хальтардаггүй, харвасан суманд оногддоггүй” гэдэг шиг хэзээ ч ийм буруутнаар нэрлэгддэггүй. Гэхдээ түүнийг сүүлийн үед чөлөөт бүсийн “чөдөр” боллоо гэх шүүмжлэл мэр сэр гараад эхэлсэн байна шүү.
ХОЛЛИВУДЫН КИНО БА СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаа бүрдүүлэхдээ хийсэн хамгийн сонин сонголт бол Соёлын сайдаар Ч.Номинг сонгосон явдал. Төрд ажилласан туршлагагүй түүнийг түмэн олон угтаа хүлээж аваагүй л дээ.
Өөрөө ч буруу ярина гэж жигтэйхэн, түүнийхээ дараах шүүмжлэлд “дүлий” байхыг хичээдэг бололтой байдаг юм. Манай улсын Соёлын сайдын ярьдаг нь Холливудад кино гаргах гэдэг.
ДУУГАРВАЛ БУРУУТДАГ Г.ЁНДОН
УУХҮ-ийн сайд Г.Ёндон ёстой л буруу өдрөө сайдаар томилогдсон юм шиг байдаг. Дуугарвал л буруутдаг гэмтэй. Яамных нь хариуцах ёстой уул уурхай, ашигт малтмалын асуудлыг өөр сайд, эсвэл агентлагийн дарга нь үүрээд явчихна. Шатахуун нийлүүлэлтийн талаар засгаараа тархиа гашилгана. Тэгэхээр мань хүнд “...Дуугүй байх” гэдэг ганц л ажил үлдсэн байна.
ХҮҮХДЭРХҮҮ СУРТАЛЧИЛГААТАЙ ХӨДӨЛМӨРИЙН САЙД А.АРИУНЗАЯА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяаг томилоход хэн ч юу ч гээгүй. Удам судар, намд ажилласан туршлага гээд одоогийн УИХ-аас хатуу үг сонсоод байхааргүй шалтгаантай эмэгтэй аж. Гэвч сайд болсноосоо хойш хүүхэд мэт сэтгэсэн, шальдар бульдар алдаа их гаргав. Төрийн сайдын тамгыг төрсөн өдрийн мэндчилгээ дээр дардаг, төрийн шийдвэрийг өөрөө гаргасан юм шиг дамжуулав. Харин өмнөх сайд нарынхаа босгож өндийлгөсөн МСҮТ-ийг Л.Энх-Амгаланд алдсан нь “том хүн”-ий томоохон алдаа болж үлдэхээр байна.
ДУРААРАА ДУУГАРДАГ Н.ТАВИНБЭХ
Н.Тавинбэх мэргэжлийн сайд, гэхдээ “...УИХ-ын гишүүн, ер нь улстөрч хүн сайд байх ёстой юм байна” гэдгийг бусдад ойлгуулсан хүн. Тэрбээр хааяа дуугарахдаа улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын бодлого нүүдэл, сөрөг хүчний анаа занааг огт анзаардаггүй, мэдэх ч үгүй байх. Ерөнхий сайд нь “...Хийнэ ээ” гэж байхад мань хүн гарч ирээд “...Хийх боломжгүй ээ” гэх нь энүүхэнд. Тэр хэрээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бүтэн засгаараа орж байж хөдөлгөх дээр нь болгох жишээтэй. Гэхдээ Н.Тавинбэхийн дураараа дуугардаг зан хэтдээ Монголд хэрэгтэй, зөв чанар юм.
Б.Дамдин-очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин