З.Мэндсайхан: Гурил, махны үнийг тогтворжуулахаар ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн ЗЭЭЛ олгохоор боллоо
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа.
1-рт. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ.
Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцогдоно. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.
2-рт. Төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах байгаа. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тиймээс нөөцийн хонины мах 7950 төгрөг болж хямдарна.
Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална." гэв.