Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ
Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Жагсагчдаас 15 багц шаардлага, бичгээр 270 орчим шаардлага ирүүлсэн. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, судалгаа болон мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Энэ дүгнэлттэй холбоотой хуралдлаа. Нийт шаардлагын 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой байна. Харин 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэхийг шаардсан байна. Мөн 12 хувь нь цалин, нийгмийн баталгаатай саналууд байна. Засгийн газар хуралдаж, энэ асуудлыг хоёр байдлаар дүгнэж үзлээ. Тухайлбал, дэвшүүлсэн асуудлуулын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэхээр байна.
Засгийн газраас үнийн өсөлттэй холбоотой хууль өргөн барьсан, өнөөдөр батлагдсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хэд, хэдэн үр дүн гарна.
- Шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгө болон татаас олгоно. Ингэснээр ААН-үүд жижиглэнгийн шатахууны үнийг боломжит түвшинд барих боломжтой болно. Нийт 100 гаруй сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Мөн энэ хууль батлагдсанаар гурил, махны үнэ тогтвортой барина. Үйлдвэрлэгчид, тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг төрөөс олгоно.
- Импортоор оруулж ирдэг цагаан будаа, элчин чихэр, ургамлын тосны импортын онцгой албан татварын таван хувийг он дуустал цуцлах саналыг УИХ-д оруулахаар боллоо.
- Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ НӨАТ-аас чөлөөлөх саналыг УИХ-д оруулахаар боллоо.
- Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгоод явна. Хүүгийн татаасыг төрөөс олгоно. Төсвийн тодотголд хүүгийн татаасыг шингээнэ. Хүнсний ногоотарих, тариалан эрхлэх, боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно. Хүнсний хомсдол үүсгэхээр бүрэн сэргийлнэ." гэв.