ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн“-д хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган "Корпорайт" зочид буудалд өнөөдөр (2022.04.13) болж байна.
Зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-үүдийг хүргэж байна.
НЭГ. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд
- “Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна.
- Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг баталж УИХ-д өргөн бариад байгаагийн зэрэгцээ Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсруулж Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Хоёр. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд
- Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж санхүүгийн хувьд бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тариаланчдад үзүүлдэг дэмжлэгийг технологийн хугацаанд харилцан ашигтай хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах, үйл ажиллагааных нь чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж төрийн өмчит “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-ийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.
Гурав. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд
- Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100.0 тэрбум,
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тариалан, хадгалалт, борлуулалтын аж ахуй эрхлэгчдэд 50.0 тэрбум,
- Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгоно.
Дөрөв. Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх хүрээнд
- 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 22.4 мянган тонн хүнсний буудайг төр худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Тав. Хүнсний улаан буудайн тариалалт, хураан авах ургацыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд
- Хүнсний улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Зургаа.Тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай шатахууны үнэ, хангамжийг тогтвортой хадгалах хүрээнд
- Тариалалтад дутагдах 14.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд бүрдүүлсэн үрийн нөөцөөс гаргаж зохицуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 22.5 мянган тонн шатахууны үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Долоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах зорилгоор 415.0 мянган га тариалангийн талбайг хамруулж 18.4 мянган км хашаа, 9.7 мянган км ойн зурвас байгуулахад 44.6 сая мод тарихаар тооцож байгаа бөгөөд энэ арга хэмжээнд 365.0 тэрбум төгрөг шаардагдаж байгааг уул уурхайн болон тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хамтын түншлэл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Найм. Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх, бүс нутгуудад хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх хүрээнд
- Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахад нийтдээ 18.3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд суурийн байгууламжийг барихад улсын төсвөөс 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Ес.Хөрсний үржил шимийг хамгаалах хүрээнд
- Хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор дотооддоо бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Азотын болон фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар ажиллаж байна.
Арав. Ургамал хамгааллын арга хэмжээний хүрээнд
- Ургамал хамгааллын арга хэмжээнд хэрэглэж байгаа пестицидийн үлдэгдэлийг тодорхойлох лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 5.0 тэрбум, тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор урамшууллыг бордоо хэлбэрээр олгоход 8.0 тэрбум, нийтдээ 13.0 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төр, аж ахуйн нэгжийн хамтын түншлэл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган ЯГ ОДОО үргэлжилж байна.