ХХААХҮЯ: Энэ онд улаанбуудай, төмсөө 100, хүнсний ногооны 80 хувиа дотоодын ургацаас хангахаар төлөвлөж байна
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлээд байна.
Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр төлөвлөөд байна.
ХХААХҮЯ-аас энэ жилийн ургац хураалтын дүнгээр 535.8 мянган тонн үр тариа, үүнээс 504.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 153.2 мянган тонн хүнсний ногоо, 168.0 мянган тонн тэжээлийн ургамал, 33.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч
хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Түүнчлэн энэ хаврын тариалалтад 8.4 мянган тонн, ургац хураалтад 7.3 мянган тонн, уринш боловсруулалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 05-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар сард багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.