Л.Энх-Амгалан: Багш өөрөө уучлалт гуйсан болохоор хүүхдэд гар хүрсэн л гэж ойлгож байгаа
Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л. Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Сургуулийн захиргааны зүгээс тухайн багш өөрөө өргөдөл өгсөн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн.
Энэ асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Өчигдөр сургуулийн зөвлөл нь хуралдсан. Багш өөрөө уучлал гуйж, өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл авсан. Өөрөө уучлалт гуйсан болохоор багшийг хүүхдэд гар хүрсэн л гэж ойлгож байгаа. Харин сурагчийн гар дээрх улайлт багшийн цохилтоос үүссэн үү гэдгийг хуулийн байгууллага тогтоох байх. Гэхдээ тухайн багш ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" гэв.









