З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж 400 тэрбум төгрөгийн ЗЭЭЛ ОЛГОНО
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Атрын дөрөвдүгээр аянг эхлүүлэхээр боллоо. Холбогдох татаас, тарифын хөнгөлөлтийн зохицуулалтыг шинээр баталж байна. 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хаврын тариалалтад зориулж гаргана. 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож олгоно. Бордоонд 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тодорхой цагт эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг. Тэдний үнэ төлбөргүй хэрэглэх цагийг уртасгасан байна.
Хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод мөн тодорхой хэмжээний зээл олгоно.
Мөн өнгөрсөн жилийн ургац хураалтаар 560 мянга гаруй тонн ургац хураан авсан. Талбай дээр 50 гаруй тонн тариа үлдсэн байгаа. Олон улсад үүсээд буй асуудлын улмаас үр тарианы нөөц бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Иймд хаврын тариалалт эхлэхээс өмнө энэ ажлыг гүйцэтгэнэ.
Ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлдэхэд нь зориулж мөн 150 тэрбум төгрөгийн зээл олгоно. Эдгээр ээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг Засгийн газар төлнө." гэлээ.
Энэ онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв.
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
- Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.