“Өргөө“ амаржих газар 3.5 тэрбум төгрөгийн шинэ тоног төхөөрөмжүүдтэй боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17 өдрийн 352 тоот тогтоолоор Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
Засгийн газраас нийслэлийн гурван амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Өргөө амаржих газарт ажиллаж, шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 547 сая төгрөгөөр хийгдэж буй засварын ажилтай танилцав.
Түүнчлэн тус эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэр, ариутгалын тоног төхөөрөмж болон удам зүйн лабораторийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа сайд мэдээлж Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын жил болгосонтой холбогдуулан эх барихын тусламж үйлчилгээг шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болголоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.