Үзүүлэлт нь “унасан” сайд, Засаг дарга нарыг огцруулна

2022 оны 3 сарын 02

Arslan.mn

Намрын чуулганаар баталсан онцлох хуулиудын нэг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль байв. Өөрчлөлтийг дагаж 51 хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаагаараа онцлогтой. Ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын  16-ны өдрийн өөрчлөлтөөр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдах нэлээдгүй зохицуулалт хийж байна. Тухайлбал, Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх бол парламент сарын хугацаанд батлахаар зааж өглөө. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо нь улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгж, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан ажилтнаас бүрдэх юм. Хуулийн гол чухал заалтуудын нэг нь Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах бол энэ удаагийн өөрчлөлтөөр хэрэгжүүлэх, хариуцах эзнийг тодорхой зааж өгснөөрөө онцлог юм.

Тухайлбал, нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан, тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байна гэж тусгажээ. Хариуцлагын тогтолцооны хувьд хөгжлийн баримт бичигт тусгасан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн,  нийслэл, орон нутгийн удирдлагуудыг огцруулах үндэслэл болох юм.

Хуулийн онцлох заалтуудыг хүргэе.

-Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулна.

-УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд шинээр байгуулагдсан парламент, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн баримт бичгийн төслийг УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага боловсруулна.

-Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, орон нутгийн төсөв хамаарна.

-Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг, гамшгийн болон онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй. Энэ хуулиар зохицуулахгүй.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдэлийн үеийн төсөл, арга хэмжээг УИХ-д танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болно.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргана.

-Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулан зохицуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, эрхлэн хөтөлнө.

-Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нийцүүлэн боловсруулаагүй улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцохыг хориглоно.

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглээгүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ батлахыг хориглоно.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634963
1 эможи

keyboard_arrow_up