Ховд-Алматы чиглэлд гуравдугаар сарын 16-наас ОЛОН УЛСЫН НИСЛЭГ үйлдэж эхэлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалтын компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.
Баян-Өлгий аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казахстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад уламжлав.
Тус аймгийн Авто тээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Сайдын зүгээс Авто тээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймагт байдаг. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.
Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэллээ. Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуудад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэв.
Ховд аймгийн нисэх онгоцны буудалд "Хүннү эйр" компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэгээс гадна Ховд-Алматы чиглэлд гуравдугаар сарын 16-наас олон улсын нислэг хийнэ. Хил хамгаалах алба, гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргахыг Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.
Хатуу хучилтай авто замыг төрөөс санхүүжүүлж барьж, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг авто тээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид үүрэг болгов.
“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байранд тулгамдаж байгаа зарим асуудлыг сайдад танилцуулав. Замын үзлэгийн тоог нэмэгдүүлэх, Авто тээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар даалгалаа.
Эх сурвалж: ЗТХЯ
|