Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлээр мах, сүүний чиглэлийн үхэр авах ААН-ийг сонгон шалгаруулна
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болно. Үүнтэй холбогдуулан хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал, мэдээлэл солилцохоор Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Н.Горелик, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Беларусь Улсын Экспортын зээлийн санхүүжилтээр “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк, малын тэжээл бэлтгэх болон бусад зориулалтын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Төслийн хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэгдэх мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт, цэвэр үүлдрийн үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг хийхээр ажиллаж байна.
Түүнчлэн хамтарсан төслийг үр дүнтэй байлгах, малын тэжээл бэлтгэх, зохиомол хээлтүүлэг ашиглах, мал эмнэлгийн зохистой дадлыг хэвшүүлэх үүднээс агрономи, мал зүйч, малын эмч, зоотехник зэрэг мэргэжлээр Бүгд Найрамдах Беларусь Улсад богино хугацааны дадлагажуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж буй юм.
Мөн энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2022 онд зохион байгуулах ажил тусгагдсантай холбогдуулан гуравугаар сард багтаан Минск хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам