Л.Оюун-Эрдэнэ: Нэр бүхий 15 хүн л Хөгжлийн банкны асуудалд холбогдож байна
Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “ Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны 5-р сард УЕПГ болон АТГ-т энэ асуудлыг тавьж байсан. Хуулийн хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.
Нэгдүгээрт, Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээлийг Засгийн газар төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк "Эксим банк"-ны жишгээр хөгжүүлэх бодлогоо баримталж, ажиллана.
Харамсалтай нь өнөөдөр Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш зорилгоороо ажиллаж чадаагүй. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг Хөгжлийн банкны нийт үлдэгдэл хүүгийн багцийн үлдэгдэл болж, Монгол банкны тогтоосноор 55.3 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон.
Нэгт, Хөгжлийн банкнаас аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, тухайн төсөл улсад тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүд байгаа. Энэ дээр цар тахлын улмаас эргэн төлөлт их биш хугацаагаар тасалдсан нөхцөл байдал үүссэн. Үүнийг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ аль болох дэмжинэ, хамтран ажиллахын тулд хуулийн бүх гарц дээр ажиллана. Гол нь, улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий. Хангалтгүй хөрөнгө барьцаалсан, шүүхэд маргаан үүсгэсэн асуудлууд. Үүнээс үүдэж Хөгжлийн банк өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Эдгээр нөхдүүдэд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.
Зарим нөхдүүдийн холбогдох хөвөнгүүдийг битүүмжилж эхэлсэн байгаа. Энэ нь баялаг бүтээгчдийн эсрэг биш тэднийхээ төлөө хийж байгаа асуудал юм. Нэр бүхий 15 хүрэхгүй хүн л энэ чанаргүй зээлүүдэд голлох нөлөөтэй байна. Энэ асуудал дээр хуулийн дагуу олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг балансыг цэвэрлэж, шаардлагатай бол үл хөдлөх хөвөнгүүдийг дуудлага худалдаж, олон улсын хууль, дүрмээр нь шийднэ. Эрүүгийн хуулиар авч үзэх хэсэг бүлэг нөхөд бий гэдгийг зориуд тэмдэглэе. ”гэв.