ЗГ: эрсдэлтэй орчинд ажилладаг төрийн албан хаагчдыг вакцины 4-р тунд ХАМРУУЛАХААР БОЛЖЭЭ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд эмч, цагдаа, онцгой байдал гэх мэт эрсдэл өндөртэй үүрэг гүйцэтгэдэг төрийн албан хаагчдыг Ковид-19 халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунд хамруулахаар шийдвэрлэжээ. Цар тахлын шинэ төрөл болох Омикроноос сэргийлэх нэг алхам нь вакцинжуулалт хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлгэрэнгүй мэдээллийг хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 104 онгоц ирсэн ба үүгээр 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Түүн дотроо 244 энхийг сахиулагч байснаас 231 нь батлагдсан ба энэ сарын 3,4-нд эдгээд гарсан. Манай улсад омикроныг тодорхойлдог аппаратыг суурилуулж, өнгөрсөн сарын 20-доор эхэлж шинжилгээ хийж эхэлсэн. Одоогоор шинжилгээний хариунууд эцэслэгдэж гараагүй байгаа ба тодорхой үе шаттай байдаг. Мөн 11,12 энэ нэгдүгээр сарын 100 сорьцыг Япон улс руу явуулсан ба хариу нь энэ сард ирэх ёстой. Энхийг сахиулагчдын ПСР шинжилгээгээр хэд хэдэн тохиолдол омикрон байх магадлалтай гэж заасан ч энэ нь баталгаатай биш, дахин оношлох явц хийгдэж байна. Иргэдийн 48,2 хувь нь гурав дахь тундаа хамрагджээ. 4,5 сарын хугацаанд хамгаалах чадвар 60-50 хувьд хүрсэн байна.
Тэгэхээр хугацаа уртсах тусам хамгаалах чадвар буурч байгаа учир иргэд дөрөв дэх тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг гаргалаа.
Бид аль болох хөл хорио тавих шийдвэр гаргахгүйг эрмэлзэж байгаа ба гурав дахь давлагаанд ч хөл хориог тавиагүй. Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Нийт гурван эмнэлэгт 1500 ор байгаа ба одоогоор дүүрээгүй нөхцөл байдалтай байна" гэлээ.