Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож ажилтанд олгоно
Шинэ оноос хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн хууль байгаагийн нэг нь Хөдөлмөрийн тухай хууль. Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бүх хүнд хамааралтай энэ хуулийн 70 гаруй хувьд нь өөрчлөлт ороод байна. Ялангуяа эдийн засгийн хүнд үед аж ахуй нэгжүүдийг дэмжих, цалингаа цагт нь тавиагүй бол хүлээлгэх хариуцлага, илүү цагийн дээд хэмжээ зэргийг тодорхойлж өгчээ. Мөн шинээр зайнаас ажиллах үед дагаж мөрдөх зохицуулалтыг хуульд тусгажээ.
1999 оноос хойш 20-иод жил шинэчилж найруулаагүй Хөдөлмөрийн тухай хуульд өнгөрсөн оны 7-р сард салхи оруулж хэд хэдэн онцлох заалтыг тусгасан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тухайлбал:
- Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд цалингийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож, ажилтанд олгоно
- Ажилтныг өдөрт үндсэн 8 цагаар ажиллуулна, хэрэв илүү цагаар ажилуулбал хоногт 4-өөс илүү цаг ажиллуулахгүй
- Нийтээр амрах баяр ёслолын өдөр ажиллуулж, нөхөн амруулаагүй тохиолдолд дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлж олгох
- Шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмж олгоно
- Насанд хүрээгүй иргэнийг шөнийн цагаар ажиллуулахгүй гэх заалтууд туссан нь энэ оны эхээс хэрэгжиж эхэллээ
Шинэ төрсөн хүүхдээ асрахад зориулж эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгоно
Цар тахлын нөлөөгөөр зайнаас суралцах ажиллах шаардлага үүссэнтэй холбоотой дээрх харилцааг хуулийн шинэчлэлд тусгасан. Ингэхдээ зайнаас ажиллах зохицуулалт нь оффист ажиллаж байгаатай ижил хэмжээнд цалин хөлсийг олгохоор тусгасан. Мөн онцлох нэг заалт нь :
- Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглосон юм
- Мөн шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж эцэгт ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөөг цалинтай олгох зохицуулалтыг тусгасан юм
- Хөдөлмөрийн гэрээ байгуулахад иргэний диплом, бусад бичиг баримтыг барьцаалаhыг хориглохоос гадна гурван үеийн намтар түүхээс эхлээд мэдээлэл шаардахыг хязгаарласан.
1.2 сая иргэний асуудлыг шийдэж байгаа Хөдөлмөрийн хуулийн 70 хувьд өөрчлөлт орсон. Энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг иргэн бүр бүрэн уншихад илүүдэхгүй. Учир нь 1999 онд төрийн өмчит компаниуд зонхилон ажиллаж байсан харилцааг зохицуулж байсан хууль 20 жилийн дараа шинэчлэгдэж байгаа нь энэ юм.