Бар жилд Засгийн газраас хийх ТОМИЛГООНУУД
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг жилийнхээ ойтой золгох гэж буй энэ цаг үед хэд хэдэн халаа сэлгээ, томилгоо явуулахаар бэлдээд байгаа аж. Өөрөөр хэлбэл цагаан сарын дараа буюу бар жил гараад ээлжит томилгоонуудаа хийхээр нам дотроо тохирчээ.
Шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тохироо
Юуны өмнө шинээр байгуулагдаж буй хоёр яамны сайд нарын тохироо хийгдэх нь нэгэнт тодорхой болоод буй. 2022 оны төсөвт шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Уг яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал болох нь тодорхой болсон гэх яриа нам дотроо тархсан. Учир нь Н.Учралын хувьд олон жил МАН-ыг усалж, тордож, өөрийн гэсэн фракцаа үүсгэсэн залуучуудын нэг. Сүүлийн жилүүдэд НАМЗХ-д элссэн залуус Н.Учралыг түших болсон. Түүнийхээ үр дүнд нь хурган даргын сэнтийд залардаг нь нууц биш юм. Н.Учралын хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт өөрийгөө тамгалахын тулд олон жил энэ салбар руу чиглэсэн ажлуудыг хийхийг зорьсон. Хамгийн сүүлд тэрээр намрын чуулганаар Виртуал хөрөнгө үзүүлэгчийн тухай хууль, Цахим гарын үсэг, криптовалют гэх мэт цахим шинэчлэлтэй холбоотой хуулийг батлуулахад идэвхтэй оролцсон.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээр Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар зүтгүүлсэн боловч Н.Учралын нөлөөллийг дийлээгүй учир Дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр тохирч, буулт хийсэн хэмээн эх сурвалжууд мэдээллэж буй.
Эдийн засаг, хөгжлийн яамыг хэн толгойлохоор тохирсон бэ
Шинээр байгуулагдаж буй хоёр дахь яам бол Эдийн засаг хөгжлийн яам. Тус яамны сайдын багцад 2022 онд 4.39 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тус яам байгуулагдах сургаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сайд нь болно гэх шуумыг өөрөө ч нэлээн сайн сэвүүлсэн. Ж.Ганбаатарын хувьд Баянгол дүүрэг дэх МАН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Тэгвэл МАН-ын удирдлагууд шинээр томилогдож буй сайдын албан тушаалд намын болон төрийн удирдах албыг давхар хашдаг хүмүүсийг томилохгүй хэмээн ярьсан байдаг. Учир нь МАН олон мянган гишүүнтэй. Цөөн хэдэн дарга, сайдын албан тушаалыг хэдэн хүмүүс ээлжлэн хаших нь нам дотроо ч ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийгөө сайд болох түвшний нөлөөтэй хэмээн зүтгүүлж байгаа бол МАН-аас өөр хэд хэдэн гишүүд мөн сайдын суудалд өөрсдийгөө давхар зүтгүүлж байгаа аж. Эдгээр эрхэмүүдийн дотор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар нарын нэр өндрөө аваад буй. Ямартай ч өмнө нь сайдын албыг хашиж байсан эрхэмүүдийг дахин сайд болгохгүй хэмээн нам дотроо ярьж байгаа ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын улс төрийн нөлөөллийг давж гарах нь юу л бол.
Үүнээс гадна Засгийн газраас цар тахлын үед хариуцлагагүй, олны шүүмжлэлийг дагуулсан хэд хэдэн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарыг солихоор тохирчээ. Түүнчлэн шинээр байгуулагдаж буй дөрвөн агентлаг болох И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газрын удирдлагуудын нэрс аль хэдийн тодорсон байгаа аж. Эдгээр байгууллагыг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Намын гомдогсод, олон нийтийн хэл амнаас эмээн агентлагийн дарга нарын нэрсийг ихэд нууж буй сурагтай. Удахгүй цагаан сарын дараа томилгоонууд шил шилээ даран хийгдэж эхлэх аж.
Ерөнхий сайдын зүгээс шадар сайдын хариуцсан хэд хэдэн агентлагийн дарга нарыг сольж, өөрийн хүнээ байршуулахаар болсон гэх шуум нам дотор яригдаад эхэлсэн байна. Харин шадар сайд С.Амарсайханы хувьд дараагийн карьераа ирээдүйн Ерөнхий сайд хэмээн үзэж, улс төрийн ПиАр, 2024 он руу чиглэсэн компанит ажлаа хэдийн эхлүүлсэн талаар зарим эх сурвалжууд хэлж байна.
Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн томилгоондоо зарим дан дээлтэй сайд нараа авч үлдэхээр тохирчээ. Түүний хувьд ил попрохгүй, цэвэрхэн ажлаа хийгээд, даруу төлөв байдаг хэд хэдэн сайд нартаа нэлээн ам сайтай байгаа аж. Ерөнхий сайдаас нэлээн хатуу үг сонссон Л.Энх-Амгалан сайд сүүлийн үед хэтийдсэн попролтоо даран ажиллаж байгаа гэх.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж буй. Тэгвэл тэрээр Ерөнхий сайдад зөвлөхийнхөө хажуугаар шинээр нам байгуулан 2024 онд МАН-ын эсрэг сөрөх ажиллагаагаа хэдийн эхлүүлсэн. Энэ мэтчилэн улс төрд айл гэр болж тоглож буй зураглал үүгээр дуусахгүй.