Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд болох цаг хугацаагаа сонгодог бол би хэзээ ч энэ цаг үеийг сонгохгүй байсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан коронавирусний нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг өнөөдөр танилцуулж, иргэдийг вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Вакцин бол манай Засгийн газрын гол ажлуудын нэг. Вакцинжуулалт өнөөдрийн түвшинд яваагүй бол 20-40 мянга орчим иргэн нас барна гэсэн тооцоолол байсан нь үнэн. Үүнийг ДЭМБ болон эрдэмтэн судлаачдаас тодруулж болно. Тиймээс вакцинд огт эргэлзэж болохгүй. Вакцин хийлгэснээр амь насанд эрсдэл үүсэхгүй, уушгинд ноцтой өвчлөл үүсэхгүй учир давуу талтай гэж байна.
Ковидгүй зун гэсэн яасан бэ? гэж хүмүүс шүүмжилдэг. Вакцинжуулалтад хурдан хамруулах гэсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын иргэдээ уриалсан, аргаа барсан арга л байсан. Бид ковидгүй зун болгож чадаагүй ч вакцинжуулалтдаа тулгуурлаж хатуу хөл хориогүй зун байлгаж чадсан. Тиймээс вакцинаа хийлгэцгээе.
Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.
Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй.