Х.Нямбаатар: Манайх арбитарт гаргах нэхэмжлэлээ татахгүй
Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Хөрөнгө оруулагчид өчигдөр анх удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүрээ хязгаараа тогтоох асуудлыг дараагийн уулзалтаараа хэлэлцье гэсэн саналыг тавьсан. Бидэнд дөрвөн санал ирүүлсэн.
Нэгдүгээрт, Засгийн газрын 34 хувьд ногдох өр 2.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа. Энэ өр 2051 онд 22 тэрбум ам.доллар болно гэсэн болгоомжлол бий. Энэ өрийг бий болгохгүйн тулд одоогийн өр 2.3 тэрбум ам.долларын 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэсэн санал.
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын өсөлтөд менежментийн төлбөрөө тооцохгүй байх санал. Мөн зардлын баталгааны 1.9 хувийн шимтгэлийг 2028 он хүртэл авахгүй гэсэн.
Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон нь Засгийн газрын буруу биш менежментийн байгууллагын буруу учраас 350 сая ам.долларын нөхөн төлбөр олгоё гэсэн санал.
Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулж, хувьцаа эзэмшигчдийнхээ оролцоог нээлттэй ил тод болгоё гэсэн санал тавьсан.
Харин Засгийн газар хөрөнгө оруулагчдаас тавьсан дээрх дөрвөн саналд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой өөрчлөлт оруулахаас нааш хэлэлцээрээ үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ тодорхой хэлсэн. Арбитарт гаргах нэхэмжлэлээ татахгүй гэдгээ манай талаас илэрхийлсэн. Хэлэлцээр маргааш үргэлжилнэ.