ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.
Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.
Хүнсний бүтээгдэхүүн, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөрзамаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.
Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог. Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна.
Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ.
Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ
Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.
Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай юм байна.
Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынБурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтаг малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ.
Товч мэдээ
· Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
· Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр тогтлоо.
· Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.
· Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгав.