“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү?
“Рио Тинто” Оюутолгой төсөл дээр Засгийн газартай түншилсэн цагаасаа Монгол газар нутаг дээр тааваараа “амьдарч” ирсэн. Манай талаас хэнбугай нь ч оролдож чаддаггүй. Цагаан дээр хараар бичсэн хэдэн гэрээнийхээ хэрэгжилтийг ч манай сүүлийн 11 жилийн Засгийн газар нэхэж байсан удаагүй. Гэвч Монгол бол улс, Оюутолгой бол том орд, мөн Засгийн газар, “Рио Тинто” хоёрын дунд хуулиар баталгаажсан гэрээнүүд байгаа болохоор өгдөг авдаг татвар түрээсийн тоолуур урссаар өнөөдрийг хүрчээ.
Уг нь Оюутолгойн гэрээний хэрэгжилт нэг л биш гэдгийг төр засгийн удирдлагад ажиллаж байсан дарга нар, түшээд хэдэн жилийн өмнөөс ухаарсан байдаг. Ухаарсныхаа дараа баахан шалгалт шүүлэг болсон. М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт, Аудитын байгууллагын шалгалтын дүн, АТГ-ын хавтаст хэрэг нээж шалгасан явц гээд олон хяналт шалгалтын дүн гарсан. Ажлын хэсгүүд тайлан мэдээ, дүгнэлт сэлтээ бэлтгээд УИХ-д өгсөн байдаг. Харамсалтай нь УИХ алийг нь ч сонсож, хэлэлцээгүй. Одоо тэр “цаас”-нууд хаана байдаг юм, бүү мэд.
...“Рио Тинто”-гийн яг энэ гомдолтой үеийг манай зарим улс төрийн бүлэглэл ашиглахаа мартсангүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэсэн “санаачилга” гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд үзэв. Цагтаа Монголын улс төрд том орон зайтай явсан улстөрчид энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа нь эмгэнэлтэй л хэрэг.
Дээрээс нь Оюутолгойн гэрээг анх байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар шүүхээс ял шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэрт “...Энэ нөхдүүд Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байхаар байгуулсан” гэж байдаггүй. Гэхдээ С.Баярыг шийтгэсэн шүүхийн тогтоолд “...Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан”, С.Баярцогтынход “...Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан” гэсэн байдаг. Эндээс эдгээр дарга нар дээрх гэрээнүүдийг байгуулахдаа улсын эрх ашгийг эхэнд нь тавьсан уу, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн үү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ингэж шийтгүүлсэн дарга нар өнөөдөр баатрын дүрээр гарч ирээд байж л байна.
Үүнээс гадна Тавантолгойн цахилгаан станц гэж яригдаад л байдаг, явдаггүй нэг мега төсөл бий. Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих гээд байгаа юм. Үүнийг барьж ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой. Гэвч “Рио Тинто”-гийн ил далд эсэргүүцлийн улмаас өнөөг хүртэл хөдөлж амжаагүй л байна.
Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх энэ албан тушаалд томилогдохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс “...Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” гээд амлачихсан. Энэ дотор нөгөөх Тавантолгойн цахилгаан станц орчихсон. Хэзээд нэхэгдэх амлалт болчихсон. Хэрвээ “Рио Тинто”-г давж чадвал энэ цахилгаан станц баригдана. Чадахгүй бол биелээгүй амлалт болж үлдэнэ.
Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх долоо хоногийн хуралдаанаараа эхлүүллээ.
Тэрэнтэй нь давхцаад Оросоос нийлүүлэх АИ-92 шатахуун ирэхээ больж, улс даяараа хямрав. Гэхдээ энэ нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар зохиомол хомсдол байсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ дээр мөнөөх том компанийн нөлөө орсон байж ч магадгүй юм байна.
Сонин юм шүү, энэ сарын Оросын Ангарскийн нефть боловсруулах ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1 212 тонн шатахуун Сүхбаатар өртөөнд, Хятадаас худалдан авч буй 2 750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд ирж байхад Улаанбаатарт шатахууны хэвийн түгээгдээд эхэлж байгаа юм.
Хамгийн хачин Орсоос 2021 оны есдүгээр сарын 20-нд “...Аравдугаар сарын 1 хүртэл 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй” гэдгээ гэнэт мэдэгдсэн. Гэтэл 2021 оны есдүгээр сарын 14 гэхэд шатахууны хомсдол аль хэдийнэ үүсчихсэн, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр энэ талаар мэдээлэл өгөөд зогсож байв. Тэрээр “...Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21, дизель түлш 35, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Бид газар дээр нь очиж ажилласан. “Шунхлай” компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна” гэж байв шүү.
Яг үнэндээ АИ-92, АИ-95 шатахуун үнэхээр тасарч хомсдсон уу үгүй юу гэдэг төр өөрөө шалгаагүй байдаг юм. Үүнд хяналт анхаарал тавих ёстой Б.Бат-Эрдэнэ гэдэг даргатай ШӨХТГ гэдэг байгууллага бий. Энэ газрынхан хэдэн импортлогч компанийн шатахууны агуулахыг “шагайхад” л болох байв. Тэгээгүй. Гэсэн атлаа сошиалаар шуугисан мэдээллийн дагуу “...Мах авбал шатахуун өгнө” гэсэн “Синчи ойл” руу давхиж очоод 20 саяар торгосон. Ингэж шатахууны хомсдолтой тэмцэж, шударга өрсөлдөөнийг сахиулсан байдаг юм. Эдийн засагчид, ажиглагчдын хэлээд байгаа төрийн менежментийн алдааны нэг хэсэг нь энэ болсон.
Шатахууны хомсдолыг тойрсон үйл явдлын заримыг тоймлоход ийм байна.
Түүчнлэн 2021 оны аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд нэгэн жагсаал болох зар тарсан. Үүний санхүүжилт бас л нөгөөх том компанийнх байж болзошгүй ажээ.
Монгол Улсын эдийн засаг, улс төрийн чадамж нэг иймэрхүү байгаа юм. Ямар ч улстөрч, улс төрийн хүчин өнөөг хүртэл ийм том төслүүдээ амлаад ч, зүтгээд ч хөдөлгөж чадаагүй. Шалтгаан нь айдас, тэр нь ямар айдас юм гэхээр “...Засгийг огцруулах шантааж” гэж байгаа юм. Тиймээс л үе үеийн Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар ханцуй шамлаж ороод л буцаад явчихдаг.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол тэр эрсдэлийг сөрж байх шиг байгаа юм. Болох ёстой юм ч болдгоороо болж л байна.
Тэд Оюутолгойн төслийнхэнтэй хэлэлцээр хийж, улсад ашигтай болгох УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг оролдож байна. Өнөөг хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох өр 2.3 орчим тэрбум ам.доллар болсон. Үүнийг тэглүүлэх саналыг Засгийн газраас тавьсан. Мөн “Рио Тинто”-гаас ирэх гурван жилийн ногдол ашгийн урьдчилгаа 350 сая ам.долларыг төлөх тал дээр бараг тохирсон гэхэд болно. Гэхдээ энэ бүхний цаана 2009 оны гэрээг хөдөлгөхгүй байх том сонирхол “Рио Тинто”-д бий. Харин Засгийн газрын ажлын хэсэг олон зүйл заалт дээр “хөдөлгөөн” хийх байр суурьтай байгаа нь тэдний дургүйг хүргээд байгаа гэх мэдээлэл бий.
“Рио Тинто”-гийн яг энэ гомдолтой үеийг манай зарим улс төрийн бүлэглэл ашиглахаа мартсангүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэсэн “санаачилга” гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд үзэв. Цагтаа Монголын улс төрд том орон зайтай явсан улстөрчид энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа нь эмгэнэлтэй л хэрэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед Засгийн газрыг чиглэж өрнөсөн олон үйл явдалтай энэ шугам дээр очно. Гэхдээ тэр нь хол явсангүй бололтой. Хойд хөрштэй 14 биш гурав хоногийн дотор учраа олж, шатахууны тээврийг үргэлжлүүлэв. Шатахууны хомсдолыг барьсаар аравдугаар сарын 1-нд “аймаар” жагсаал хийх төлөвлөгөө нь нурж байх шиг байгаа юм.
Ер нь тэгээд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг том бодлогыг ард түмэн дэмжихээс өөр аргагүй. Тэр нь хараат бус Монгол Улс байхын төлөөх шийдвэрүүд юм. Хэн нэгэн монгол хүү өнөөдөр, эсвэл маргааш хийх ёстой л алхам. Энэ чигээрээ Оросоос тог, шатахуунаа, Хятадаас бусад импорт, экспортоо гуйх замаар өнөө маргаашийг өнгөрөөсөөр хаа хүрэх билээ. Харин ийм шийдвэрийн дараа бид “хэн нэгэн”-ээс улсаараа хатуухан сануулга авсаар байх нь мэдээж. Тэр цаг хугацааг тэсч гарах нь чухал. Эхлэл нь энэ, “Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л гэхэд цаашид огцруулах, солиулахаас эхлээд нийгмийн сүлжээний дайралт, иргэдийн гомдлын бай болсон олон “юм” үзэж магадгүй л юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин