Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг хөөх шийдвэрийг 100 хувь дэмжиж байна. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй
Өнөөдөр /2021.09.13/ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар МУГТ Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Энэ есдүгээр сарын 05-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Тус хурлаар намайг дийлэнхийн саналаар томилсон. УИХ-ын тухай хуулийн 47-р зүйлд УИХ-ын гишүүн ашгийн төлөө бус байгууллагын УЗ-д ажиллахыг зөвшөөрсөн. Боксын холбооны удирдлагууд надад хүсэлт тавьсан учраас би саналыг нь хүлээн авсан. Түүнээс би өөрөө энэ албыг хаших хүсэлт гаргаагүй. Өчигдөр боксын сорил тэмцээн болсон. Маш олон сайн залуус гарч ирсэн.
Мөн Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Э.Цэндбаатарын хувьд удаа дараа дүрэм зөрчиж, иймэрхүү үйлдэл гаргаж байгаа. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх, эм бодис хэрэглээд гадуур гудамжинд нүцгэлж явсан. "Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнөд нь хаяж явсан. Халдвар хамгааллын журам зөрчсөн гэх мэт.
Ер нь аль ч салбарт, хаана ч сахилга бат чухал. Сахилга батгүй хүний их спортоор хичээллүүлэх шаардлага байхгүй.
Боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна, өөрчлөгдөхгүй, энэ спортод сахилга бат чухал.
"Улаан бал" нэвтрүүлгийн шторк дээр Монголын боксын холбооны хурлын миний бие зохион байгуулж, хоол идүүлж, архидалт зохион байгуулсан мэтээр эвлүүлэг монтаж явуулсан байна. Тухайн үед ямар ч тийм үйл явдал болоогүй. Нэвтрүүлгээ олон хүнд хүргэхийн тулд монтаж хийж, сэвсэн зүйл харагдаж байгаа." гэв.