В.В.Путин У.Хүрэлсүх нар утсаар ярьж, төслүүдээ урагшлуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа ковид-19 цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.
“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар “Ковид-19” цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.