ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав

Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна.

Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна.

Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ.

Хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгалаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан”, автозамын “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтоос бусад боомтод 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалын дагуу Бүсийн хөгжлийн төслийг энэ оны гуравдугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Мөн тус аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов.

Шинэ дагуул хотуудын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Зуунмод хотод БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих дулааны  станц болон улсын төсвийн хөрөнгөөр хийх “Зуунмод” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулан байгуулсан. Сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалаа танилцуулжээ.

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэв. Үүнд,
Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин
Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь   
Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар
Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан
Говьсүмбэр аймгиын Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байна.

Элчин сайд нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо

Засгийн газрын хуралдаанаар дараахь хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:

  • Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл,
  • Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүү,
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүх,
  • Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржав,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгост Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа,
  • Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэн,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянаа,
  • Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Лувсанвандангийн Болд,
  • Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайхан,
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэг,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн
  • Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшин
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаяр
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболд
  • Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатар,
  • Бүгд Найрамдах Киркиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуяг,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүү,
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаяр,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүх,
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэг,
  • Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
  • Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалаг
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булган нарыг томилуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Товч мэдээ

  • Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны төсвийн орлогын доод, зарлагын дээд хязгаарыг баталж, үүнд нийцүүлэн 2022 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийж, энэ сарын 2-4-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Энэ айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628418
1 эможи

keyboard_arrow_up