Цахим гэх нэрэн дор ардын биш “НОЁДЫН НААДАМ“ зохион байгуулагдах нь...
Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ ээлжит хуралдаанаар цахим наадмыг хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа. Өмнө нь Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүйгээр зохион байгуулж, наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна хэмээн мэдэгдэж байсан.
Ардын наадам ийнхүү ноёдын наадам болох эхлэл тавигдлаа. Коронавирусийн цар тахал нэрийн дор хоёр ч жилийн наадмыг ард иргэд зурагтынхаа өмнө, ноёд ногоон асарт тэмдэглэхээр зэхээд эхэлж. Энэ удаагийн наадмын нийт өртөг нь 10 тэрбум төгрөг.
Тус төсвийг задлан авч үзвэл,
- 100 сая төгрөгөөр нь “Ардын хувьсгалын 100 жилийн дуу”,
- 250 саяаар нь Түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээнэ,
- 500 саяаар нь Бүх ард түмний урлагийн наадам,
- 100 саяаар нь Утга зохиолын шилдэг бүтээл туурвина,
- 100 сая төгрөгөөр нь “Зуун жил-Зуун бүтээн байгуулалт” телевизийн цувралт контент,
- 200 сая төгрөгөөр нь “Хаадын хаад” жүжиг тоглох зэрэг ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулна гэж буй.
Дээрх мөнгөн дүнгээс харахад наадмаа цахимаар хийгээд хэмнэлттэй байх шийдэл огт харагдахгүй байгаа бөгөөд хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нь бүр худлаа болж таарах нь. Энэ зүгээр энгийн ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглох башир арга мэт.
Товчхондоо, цахим наадам хийхээр болсон ч түүнийг бүтээх өртөг хөлс 10 тэрбумаас хэд болж буурах нь тодорхойгүй нь иргэдийн дургүйцлийг хүргэсээр, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж бухимдал төрүүлсээр байна.
10 тэрбумаар наадам хийхийн тулд 500 гаруй уран бүтээлчийг ажиллуулна. Тэр бүрт халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Тухайлбал, найрал хөгжим тоглоход багаар бодоход 100 хүн нэг дор цуглаж, олон хоногийн бэлтгэл үргэлжлэх ёстой. Гэтэл өнөөдөр PCR шинжилгээний үнийг дийлэхгүй олон ч хүмүүс үхэлтэй нүүр тулж байна. Уг нь улсын наадам хийх мөнгөөрөө өвчилж, зовсон иргэдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол иргэд талархаж хүлээн авах байлаа.
гэтэл энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхтэйгээ адилхан буюу Төв цэнгэлдэхэд ноёд цугларч, Хүй долоон хутагт ноёдын морьд тоосоо өргөх нь.