УОК: Өнөөдрөөс 1500 ор нэмж дэлгэж, хүчилтөрөгчийн баллоныг 1000-аар нэмэгдүүлнэ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.
Уулзалтаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Дүүрэг бүрт явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцолсон юм. Мөн өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан тул орны хүрэлцээ муу байна гэв.
‘’Өнөөдрөөс /2021-06-20/ эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан байна.